Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи их төлөв баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын тал болон говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07 сарын 01-нд зарим газраар, 02-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд говийн бүс нутгаар хална.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Нэгдсэн эмнэлгийн хашаанд 3 метр урт хуванцар хоолой, 5 хуванцар сав шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 11:19 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

 3.Ой, хээрийн түймэр:

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гучин хоёрын нухчаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 65 км-т, сумын төвөөс  зүүн урд зүгт 41 км-т, Ө-49°56’24.8”, У-104°41’57.7”/ тужийн нарсанд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, “Тужийн нарс” тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж 06.27-ны өдрийн 10:00 цагт унтраасан. 1 га ойн талбай шатсан. 

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:   

Үер – Усны үер: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2,3,4,5 дугаар багт Тус суманд 06.24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас 06.25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 06.27-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр багийн 33, 60, 66 дугаар байрны зоорийн давхар, Хан Хэнтий цогцолбор сургууль, Монгол ардын намын байрны зоорийн давхарын усыг зоруулж зайлуулсан. Тус сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:    

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С/5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хёрхон голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. 06.24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь “Хёрхон” голын эргээс олсон. 06.26-ны өдрийн 06:30 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.27-ны өдрийн 07:30 цагаас эхлэн  тус багийн “Баруун-Эрэг” гэдэг газраас “Өвлийн гарам” гэдэг газар хүртэл 10 км-т усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 5 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:35 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Их бага сонгины гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 193 км-т/ Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Г /56 настай, эрэгтэй/ 06.22-ны өдөр “Туул” голыг явганаар гатлах гэж байгаад живсэн тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 06.27-ны өдрийн 06:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 10:02 цагт живсэн газраас урд зүгт 500 метрт усны мандал дээр гарч ирсэн байсныг олж цогцсыг Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ Хэрлэн” голын усанд тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн М /31 настай эрэгтэй/, Г /32 настай эрэгтэй/, Н /20 настай эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус багийн “Жаргалант” гэдэг газраас зүүн тийш “Майханы-Ар” гэдэг газар хүртэл 24 км-т усаар, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн “Ургах наран”-гийн 2 дугаар гудамжинд туёс сумын харьяат иргэн Х-ын 5 ханатай гэр 06.27-ны өдрийн 11:40 цагт шатсан. Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ц.Оюунболд мөн өдрийн 12:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн “Жүгнээ хар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 48 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ Тус сумын харьяат малчин Н-ын “Портер” загварын ачааны автомашин, ачиж явсан гэр 06.27-ны өдрийн 16:00 цагт шатсан. Мэдээллийг тус сумын харьяат иргэн У мөн өдрийн 17:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top