1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 28-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07 сарын 01-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр хална.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Ганзамчидын гудамжны 154 дүгээр байрны 4 дүгээр давхрын 63 тоотын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:36 цагт очиж, иргэн Х-ын тагтан дээр хайрцагтай хувцас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Л60 дугаар 8 айлын нийтийн орон сууцанд гал гарч байна, дотор нь 2 хүүхэд байгаа гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:09 цагт очиж, иргэн Г-ийн 1 өрөө байрны тавилга шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /3 настай, эмэгтэй/, Анунгоо /5 настай, эмэгтэй/ нар галд өртөж нас барсан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Түлээтийн 4 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:59 цагт очиж, иргэн Э-ын “KIA-K5” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Баянбулаг” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 17 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.26-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан 23:15 цагт очиж, малчин Б-ийн 14х25 метрийн хэмжээтэй өвөлжөө, 2.5 тонн өвс шатаж байсныг 2 цаг 28 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Бөхлөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 97 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 73 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд жиллаж, мөн өдрийн 16:50 цагт түймрийг цурамд оруулж, 17:45 цагт унтраасан.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Гучин хоёрын нухчаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 41 км-т, Ө-49°56’24.8”, У-104°41’57.7”/ Тужийн нарсанд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, “Тужийн нарс” тусгай хамгаалалтын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 19:11 цагт түймрийг цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна.
4.Зам тээврийн осол:
Автозамын осол: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Цагаан-Овоо багийн “Гэгээнтний-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 98 км-т, сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ Дундговь аймгаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд Дундговь аймгийн харьяат иргэн Ц-н “Киа Пронтер” загварын ачааны автомашин /1 зорчигчтой/-ы араас иргэн Г /26 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Тоёота Кроувн” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөж, автомашины бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:42 цагт очиж, тус аймгийн Цогтцэций сумын харьяат иргэн Г-ыг төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 19 минут ажиллаж гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Үер – Усны үер: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2,3,4,5 дугаар багт Тус суманд 06.24-ний өдрийн 18:55-20:50 цагийн хооронд аадар бороо /мөндөр/ орж үер болсны улмаас 06.25-ны өдрийн 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр хашаа /84 гэр, 15 байшин/, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, 9 орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр анги, сумын Засаг даргын Тамгын газар, зам арчлалтын “Харгуй” ХХК, Эрүүл мэндийн газрын ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байна. 06.26-ны өдрийн байдлаар 160 айл өрхийн байшин, гэр, хашаа болон 5 орон сууцны зоорийн давхар усанд автсан. Тус сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна. 06.25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тухайн аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан. Тус аймгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалдтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг “Үерийн хохирлын анхан шатны эрсдэлийн үнэлгээг” хийж ажилласан. “Цахилгаан түгээх сүлжээ” салбарын ажилчид 1 дүгээр багийн 15,16,17,26,111 дүгээр дэд станц, 2 дугаар багийн 13, 22, 23 дугаар дэд станцын цахилгааны хэвийн нөхцлийг шалгаж ажилласан байна. Тус сумын төвд их хэмжээгээр тогтсон үерийн усыг 4 цэгт нүх ухаж усыг хөрсөнд шингээх ажлыг зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2 цэгт буюу Гурлын үйлдвэрийн хашааны ард, Мэргэжлийн хяналтын ард тус тус зориудаар ухаж харуул хамгаалалт тавьж ажиллаж байна. Үерийн ус зайлуулах ажилд оролцож байгаа нийт ажилчдын эрүүл ахуй халдвар хамгаалалд Онцгой байдлын газрын эмнэлгийн зааварлагч тухай бүр хяналт тавьж ажиллаж байна. “Хэнтий-Ус” ХХК-ийн 2 автомашин КНС-1, КНС-5 Бохир усны өргөлтийн насос станц усыг соруулах ажлыг зохион байгуулж байна. Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төвийн ажилчид 11 байгууллага, аж ахуйн нэгжийн 2098 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж ажилласан. Байгалийн гамшгийн улмаас эвдэрсэн суваг шуудуу, зам, замын байгууламжийг сэргээн засварлах зураг, төсөв тооцоо, үер болон салхи шуурганд нэрвэгдсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын судалгаа, хохирлын тооцоог гаргуулан ажиллаж байна.
6.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хёрхон голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. 06.24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь “Хёрхон” голын эргээс олсон. 06.26-ны өдрийн 06:30 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд тус сумын “Баруун-Эрэг” гэдэг газраас “Улаанхад” гэдэг газар хүртэл 35 км-т Хёрхон голын эрэг дагуу явганаар самналт хийж, завьтай голоор 15 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 4 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 06.27-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Их бага сонгины гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 193 км-т/ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн харьяат иргэн Г /56 настай, эрэгтэй/ 06.22-ны өдөр “Туул” голыг явганаар гатлах гэж байгаад усанд осолдсон тухай дуудлагыг 06.25-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид 17:16 цагт хөдөлгөөн үйлдэж, мөн өдрийн 21:16 цагт осол болсон газар ирсэн. 06.27-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ “Хэрлэн” голын усанд тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат иргэн М/31 настай эрэгтэй/, Г /32 настай эрэгтэй/, Н /20 настай эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтэс, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 21:00 цагт хөдөлгөөн үйлдэж, 06.27-ны өдрийн 04:15 цагт очсон. Хүч нэмэгдүүлж Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 06.27-ны өдрийн 05:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.
7.Мэдээлэл:
Хүчтэй аадар бороо: Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Эрдэнэцагаан сумын Үнэгт, Хонгор багт /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 06.24, 25-ны өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас тус багийн малчин Л, Д нарын 5 ханатай 2 гэр нурсан, 17 өрхийн 2 үхэр, 794 хонь, 1440 ямаа, нийт 2236 толгой мал хорогдсон тухай мэдээллийг 06.26-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Тамгын газрын 3 ажилтан, 1 автомашинтай хохирлыг тогтоохоор ажилласан.
Бусад төрлийн мэдээлэл: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн “Хонгор-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 218 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Малчин О-ын 3х4, 5×5, 6×6 метрийн хэмжээтэй модон байшин, эд хогшлын хамт 06.26-ны өдрийн 16:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 06.26-ны 21:30 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын Засаг дарга Л.Батсайхан аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР