Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 13-18 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үдээс хойшдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:  1-3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Хилийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:16 цагт очиж, иргэн О-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.  

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Худалдааны гудамжны 11 дүгээр хэсэгт дугуй засварын байр шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:18 цагт очиж, иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй дугуй засварын байр, гарааш шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Хийдийн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 06.29-ний өдрийн 17:58 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:01 цагт очиж, иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дантийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 135 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 06.29-ний өдрийн 15:00 цагт түймрийг цурамд оруулж, мөн өдрийн 17:55 цагт унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Давхрын чулуун” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 240 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруун туруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 19:30 цагт түймрийг цурамд оруулж, 22:50 цагт унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хярхан голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг “Хёрхон” голын баруун эргээс зүүн урд зүгт 2 км-т “Чулуутын голын боом”, “Хёрхон голын боом”-ын уулзварын арал дээрээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. “Хёрхон” голын баруун эргээс зүүн зүгт “Шинэсэн гарам” гэдэг газар хүртэл завиар 30 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч мөн өдрийн 18:30 цагаас бороо орсны улмаас түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн Г /32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 06.29-ний өдрийн 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбаатарт шилжүүлж өгсөн. “Хэрлэн” голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт “Баянмөнхийн гүүр” гэдэг газар хүртэл завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э /19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 06.28-ны өдрийн 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэг дээрээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн. 06.29-ний өдрийн 06:15 цагт “Туул” голын “Хар-Усан тохой” гэдэг газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын газар хүртэл автомашинтай 20 км-т, завиар 30 км-т урсаж, 4-5 метрийн гүнд 80 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:18 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:30 цагт эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант багийн “Рашаантын баруун нуур” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 2 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 105 км-т/ тогтоол усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг 06.29-ний өдрийн 13:28 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний алба, Прокурорын газар, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд мөн өдрийн 14:18 цагт тус аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Б/48 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.  

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Дивизийн гарам” гэдэг газар “Хэрлэн” голын салаанд айлын бог мал усанд боогдсон байна гэсэн мэдээллийг 06.29-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15:40 цагт очиж, иргэн Б-ийн 1000 бог мал, 8 иргэн, 1 автомашиныг усанд боогдсон байсныг 3 цаг 19 минут ажиллаж гаргасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем вилла” хотхоны хойд талд “Туул” голд автомашин суусан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан.   Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 км замыг туулан 15:13 цагт очиж, “Туул” голд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ланд-200” загварын суудлын автомашин сууж, иргэн А /30 настай, эрэгтэй/, Г /44 настай, эрэгтэй/ нар автомашины дээвэр дээр байсныг завиар зөөж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүл, цагдаагийн дэслэгч М.Амартүвшинд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан.   Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат А /3 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.30-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.    

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 78 км-т/ 06.29-ний өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үерт малчин У-ын 7 үхэр урссан тухай мэдээллийг 06.29-ний өдрийн 19.30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 8 км замыг туулан 20:05 цагт очиж, хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Давгасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    

scroll to top