Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Баянхонгор,  Булган, Дорнод, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс,  Өмнөговь,Сүхбаатар,Сэлэнгэ, аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр сэрүүсэж 16-21 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бороо орно, салхи зүүн хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 2, 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, 4-5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 4,5-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг хална.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг “Эрдэнэт хивс” ХХК-ийн хатаалгын цехд    Тоног төхөөрөмж, ноос шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 18:53 цагт , 58 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:59 цагт очиж, 81 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:13 цагт тус тус очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д иргэн Б-ийн “Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг  шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 17:38 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Задгай”-д иргэн Т-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 18:40 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.     

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Нүхтийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймрийн цэг “Fires.ru” сайтад 06.30-ны өдрийн 15:02 цагт илэрсэн. Орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 17:30 цагт цурамд оруулсан. 1орчим га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хярхан голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд 06.30 өдрийн байдлаар Хярхан голын “Зуны гарам” гэдэг газраас зүүн урд зүгт 22 км-т Доод гарам гэдэг газар хүртэл 3 метрийн гүнд 7 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.01-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 96 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т, Бор-Өндөр сумын төвөөс баруун хойд зүгт 125 км-т/ Тус аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн /үүнээс 4 хүүхэд/ аялж явснаас иргэн Г/32 настай, эрэгтэй/, М /31 настай, эрэгтэй/, Н/20 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид 06.29-ний өдрийн 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн-Үзүүр” гэдэг газар голын салаанаас иргэн М-ын цогцсыг, 06.30-ны өдрийн 10:20 цагт мөн газраас зүүн зүгт 5 км-т “Жаргалангийн-Үзүүр” гэдэг газраас иргэн Н /20 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус тус  олж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийбаатарт шилжүүлэн өгсөн бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж 20:00 цагт үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.01-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд 2 хүн живсэн тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:39 цагт очиж, Дархан-Уул аймгийн харьяат иргэн Э/19 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 06.28-ны өдрийн 16:41 цагт осолдсон газраас 1 км-ийн зайд голын эрэгээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 06.30-ны өдрийн 08:30 цагаас эхлэн “Туул” голын “Хар-Усан тохой” гэдэг газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, “Зэл” амралтын газар хүртэл  автомашинтай 20 км-т, завиар 30 км-т урсаж, 4-5 метрийн гүнд 10 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:50 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн С /20 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Хүйтний гол” гэдэг газар /хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин Б-ийн туслах малчин нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л /30 настай, эрэгтэй/ 06.25-ны өдөр малдаа мориор яваад сураггүй болсон тухай /унаж явсан морийг нь Орхон голын эргээс олсон/ дуудлагыг 06.30-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Орхон сумын иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар мөн өдрийн 20:30 цагт очсон. 07.01-ний өдрийн 05:00 цагаас эхлэн Орхон голын усанд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3-6 насны 3 эрэгтэй хүүхэд тоглож байгаад А/3 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.30-ны өдрийн 08:30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.   

    Шаварт суусан: Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тэс  сумын Нисэг  багийн  ‘”Зүрийн дөрөлж” гэдэг газар /сумын төвөөс  хойд зүгт   5 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 305 км-т/ ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан очиход Увс аймгийн Улаангом сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Хино” загварын ачааны автомашин шаварт суусан байсныг 01:45 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

scroll to top