Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:   Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 30-35 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:   Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос 6-11 м/с. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:    4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6, 7-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө халж 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.  

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 07.02-ны өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:17 цагт очиж, иргэн Б-ийн 2×4 метр хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн гал тэргэнд ачсан нүүрс уугиж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 11:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:45 цагт очиж, “Улаанбаатар төмөр замын Замын-Үүдийн Өртөө 2”-ын 6 дугаар зам дээр галт тэрэгний 46 дугаар чиргүүлд ачсан 63 тн нүүрс уугиж байсныг 9 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дэл хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 167 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 17 км-т/ 07.02-ны өдрийн 07:00 цагийн орчим иргэн О-ийн өвөлжөө шатсан тухай мэдээллийг 07.02-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Батсайханаар ахлуулсан алба хаагчид үзлэг, шалгалт хийсэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Суумхайн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 38 км-т/ Ойн түймэр гарсан дуудлагыг 07.02-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ажиллаж мөн өдрийн 22:25 цагт түймрийг цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т/ Тус сумын харьяат малчин У /25 настай, эмэгтэй/ 06.30-ны өдрийн 04:10 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн “Цагааннуур” гэдэг газраас “Харуулын-Өвөр” гэдэг газар хүртэл 5 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Халхын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ тус сумын харьяат Т /3 настай, эрэгтэй/ 07.02-ны өдрийн 14:00 цагийн орчим “Халхын гол”-ын эрэг дээр сууж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сум дундын эмнэлгийн эмч, орон нутгийн иргэд “Халхын гол” гэдэг газраас хойд зүгт 8 км-ын тойрогт голын эрэг дагуу явганаар болон завьтай самналт хийж, тогтоол ус болон голын эрэг дагуу агаараас нисдэг төхөөрөмж ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /Хярхан голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд 07.02-ны өдрийн байдлаар малчин Б-ыг эрэн хайх ажиллагааг “Зуны гарам” гэдэг газраас баруун урд зүгт “Доод гарам” гэдэг газар хүртэл 40 км-т “Хярхан” голоор зохион байгуулж, 3 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.    

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Их булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км-т, сумын төвөөс баруун зүүн зүгт 45 км-т/ 07.02-ны өдрийн 17:00 цагийн орчим аадар бороо орсны улмаас уруйн үерт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд Баянхонгор аймгийн харьяат иргэн Н-ийн жолоодож явсан “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ урсаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 18:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид 10 км замыг туулан 18:35 цагт очиж, 15 минут ажиллаж автомашиныг 3 хүний хамт татаж гаргасан. 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн “Их булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 13 км-т, сумын төвөөс баруун зүүн зүгт 48 км-т/ 07.02-ны өдрийн 17:00 цагийн орчим аадар бороо орсны улмаас уруйн үерт тус аймгийн Арвайхээр сумаас Сант сумын чиглэлд иргэн М-ийн жолоодож явсан “Портер” загварын бага оврын ачааны автомашин /1 зорчигчтой/ замын хажуу руу орж унах гэж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид 13 км замыг туулан, 19:00 цагт очиж, 15 минут ажиллаж автомашиныг 2 хүний хамт татаж гаргасан. 

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн багийн борооны ус барилгын зоорийн давхарт орж барилгын хийц бүтээц эвдэрсэн тухай мэдээллийг 07.02-ны өдрийн 10:39 цагт хүлээн авсан. “КОМФОРТ ИМПЕКС” ХХК-ийн барьсан тус 2 давхар цэцэрлэгийн барилга /49х28 м2/ нь 2020.01.06-ны өдөр ашиглалтад орсон, 15 хоног үйл ажиллагаа явуулсан. 07.01-ний өдрийн 15:30-16:30 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас 2 давхар цэцэрлэгийн барилгын зоорийн давхарт ус орж барилгын суурь сууж, шал цөмрөн 1 дүгээр давхрын баруун, зүүн талын хана нь цуурсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ренчинмядаг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 18А байрны 2 дугаар орцны 4 давхрын 12 тоотын тагтнаас хүн унаж нас барсан, тус тоотын хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хатанболдын хүсэлтийг 07.02-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4.2 км замыг туулан 00:02 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхрын 12 тоотын тагтаар орж хаалгыг онгойлгон тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хатанболдод хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top