Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар их төлөв баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд зарим газраар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө халж 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Эрдэнийн төгөл” хотхон “Тенор Рекордс” ХХК-ийн 4х4 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 23:21 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 23:25 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 3 дугаар гудамжинд иргэн И-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 08:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 08:40 цагт очиж 1 цаг 55 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Говь” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ иргэн Ц-ын “Сонота-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 11:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 11:54 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д иргэн Ж-ийн 2х5 метрийн хэмжээтэй хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:03 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн “Сэндэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, Сайхан сумаас баруун зүгт 120 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.04-ний өдрийн 08:50 цагт цурамд оруулсан. Уг түймэрт урьдчилсан байдлаар 9 га ойн талбай шатсан.

Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Сүжигт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд, “Харгана” ХХК-ийн ажилтнууд ажиллаж байх явцад 07.04-ний өдрийн 16:10 цагаас 17:00 цагийн хооронд усархаг аадар бороо /мөндөр/ орсны улмаас 17:10 цагт унтарсан. Түймэрт урьдчилсан байдлаар 4 га ойн талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Шивээ гозгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км, сумын төвөөс  зүүн хойд зүгт 30 км, Хялганат тосгоноос  хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Зэд-Хантай-Бүтээлийн” нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд  түймрийг унтраахаар ажиллаж 07.05-ны өдрийн 02:35 цагт цурамд оруулсан. Уг түймэрт урьдчилсан байдлаар 9 га ойн талбай шатсан.

4.Зам тээврийн осол:

Автозамын осол: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн “Хар-Үзүүр” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 174 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т/ тээврийн хэрэгслийн осол болж  автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 05:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 6 км зам туулан 05:38 цагт очиход Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Донгпинг” загварын ачааны автомашины араас тус сумын төвөөс Идэр багийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Сүзүки-Скито” загварын суудлын автомашин мөргөж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн И/34 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 00 км-т, Ө-47002/00// , У-116038/00/// 07.04-ний өдрийн 14:20 цагт 5.1 мөн 17:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 14:37 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад тухай газар нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулдаг боловч тус компанийн ажилчдад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

Үер – Усны үер: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн  31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамж 07.03-ны өдрийн 18:17 цагаас 22:00 цаг хүртэл дуу цахилгаантай, усархаг бороо орсоноор үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа О.Ганбатаар ахлуулсан алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан 800 метр урт үерийн даланг засварлан ажиллаж байна. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн нутгаар 07.04-ний өдрийн 18:45 цагаас 19:20 цаг хүртэл усархаг ширүүн бороо орсны улмаас 3 дугаар гудамжинд 3 айл өрх, 6 дугаар гудамжинд 1 айл өрх усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Гонир хараа баян” ХХК-ийн ажилтнууд ажиллаж 4 айлын хашааны усыг зайлуулж, 21 метр урт шороон далан босгосон.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км-т/ тус сумын харьяат малчин У/25 настай, эмэгтэй/ 06.30-ны өдрийн 04:10 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.04-ний өдрийн 14:30 цагт Цагдаагийн байгууллагын алба хаагчид тус сумын Жаргалант багийн “Таван чих” уулнаас иргэн Ө/26 настай, эрэгтэй/-тэй хамт  байхад нь эсэн мэнд олсон тул эрэн хайх ажиллагааг зогсоов. 

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Халхын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ тус сумын харьяат Т /3 настай, эрэгтэй/ 07.02-ны өдрийн 14:00 цагийн орчим “Халхын гол”-ын эрэг дээр сууж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 0329 дүгээр анги, Хилийн 0306 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, ар гэрийнхэн 07.04-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдөрийн 10:50 цагт анх осолдсон газраас баруун хойд зүгт 17 км-т тус багийн “Ерэн баатарын хөшөө” гэдэг газраас цогцсыг олж тус сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дайчинхүүд шилжүүлэн өгсөн.

Өндрөөс аврах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 58/Г дугаар байр орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтаас хүн үсэрч 4 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт дээр унасан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 23:02 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5 давхрын тагтаас үсэрч 4 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт дээр унасан байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б/39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хярхан” голын эргээс таана, мангир түүхээр 06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон /”Хярхан” голд живсэн байж болзошгүй/ тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 06:40 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.29-ний өдрийн 09:40 цагт С-ийн цогцсыг  осолдсон газраас урд зүгт 2 км-т Чулуут, Хярхан голын уулзвар гэдэг газраас, 07.04-ний өдрийн 18:15 цагт иргэн Б-ийн цогцсыг осолдсон газраас урд зүгт 10 км-т тус багийн Ногоон хошуу гэдэг газраас  олж цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Цэнхэрийн далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 3 км-т/ тус сумын харьяат 10 иргэн /үүнээс 5 хүүхэд/ зугаалж явсанаас иргэн А/38 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 16:50 цагт очиход тус аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн харьяат иргэн А /38 настай, эрэгтэй/-гийн цогцсыг иргэд гаргасан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

7.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн “Худгийн булаг” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс урд зүгт 70 км-т/ Тус сумын нутгаар 07.03-ны өдрийн 21:00 цагт усархаг ширүүн бороо орж үер болсны улмаас малчин Э-ын 5  ханатай гэр, 15 айл өрхийн 1100 орчим бог, 60 бод мал үерт урссан. Тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Батмөнх 07.04-ний өдрийн 10:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top