Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:   Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.  

Төлөв байдал:   7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө халж 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр Цахилгаан станцын урд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 02:08 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 02:20 цагт очиж, “Транюн Буйлдинг материал” ХХК-ийн 3×10 метрийн хэмжээтэй ажилчдын цайны газрын барилгын эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.      

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Нуурын 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.0 км замыг туулан 11:55 цагт очиж, иргэн А-ийн 5×8 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн дотор хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 автомашинтай 8.0 км замыг туулан 13:19 цагт очиж, иргэн Б-ийн 5×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.05-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:53 цагт очиж, иргэн Д-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн 2 цонх шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн багийн “Сэндэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, Сайхан сумын төвөөс баруун зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.04-ний өдрийн 08:50 цагт цурамд оруулж, 07.05-ны өдрийн 13:28 цагт түймрийг бүрэн унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Шивээ гозгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, Хялганат тосгоноос хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Засаг даргын Тамгын газар, “Зэд-Хантай-Бүтээлийн” нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид ажиллаж, 07.05-ны өдрийн 02:35 цагт цурамд оруулж, мөн өдрийн 18:32 цагт түймрийг бүрэн унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Монгол Улсын хилийн 708 дугаар тэмдэгт “Амжийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 36 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 129 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн 0243 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамж 07.03-ны өдрийн 18:17 цагаас 22:00 цаг хүртэл дуу цахилгаантай, усархаг бороо орсноор үерийн далан сэтэрч нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. 07.05-ны өдрийн байдлаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Гансүхээр ахлуулсан алба хаагчид ажиллаж, 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг засварлан ажилласан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Баянбулагт 07.05-ний өдрийн 13:37-15:52 цагийн хооронд дуу цахилгаантай усархаг бороо орсны улмаас 8 нэрийн хүнсний дэлгүүр уруйн үерт автсан тухай дуудлагыг 07.05-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, дэлгүүрийн бараа материалыг нүүлгэн шилжүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 07.05-ны өдрийн 17:00 цагийн орчим С/14 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 05:20 цагаас эхлэн тус багийн Баянбулаг гэдэг газарт 3 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг байгуулан ажиллаж байна.

6.Мэдээлэл:

Унаж бэртэх: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат Н /6 настай, эмэгтэй/ 07.04-ний өдрийн 17:10 цагийн орчим тус сумын угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн Э.Номунбилэгт 07.05-ны өдөр хагалгаа хийсэн. Ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 гишүүн, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй нисдэг тэрэг 07.05-ны өдрийн 12:06 цагт Улаанбаатар хот-Хэнтий аймгийн Баян-Адарга сум-Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас өвчтөнг авч мөн өдрийн 17:02 цагт Улаанбаатар хотод бууж, өвчтөнг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Дайван” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т Ойн түймэр гарсан тухай мэдээллийг 07.05-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд ажиллаж түймрийг мөн өдрийн 20:25 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 кмт-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ аянга буусны улмаас хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 07.05-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Бороо орж хээрийн түймэр унтарсан тухай мэдээллийг “Жаргалант” багийн малчин Б тус аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:03 цагт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top