Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.    

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар  бороо орно. Салхи  9,10-нд говийн бүс нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-өөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Ламын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс хойд зүгт 15 км-т/ иргэн О-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 07:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 07:52 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т /42 настай, эрэгтэй/ өртөж түлэгдсэн тул аймгийн ЯТТ-д, О /47 настай, эмэгтэй/, Т /15 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 6 дугаар гудамжинд иргэн Н-ийн 6×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг  07.07-ны 19:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 19:05 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн 8 дугаар гудамжинд иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 02:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:03 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.07-ны өдрийн 08:30 цагт унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Рашаантын дааган толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 225 км, сумын төвөөс хойд зүгт 100 км, Хилийн 0286 дугаар ангиас зүүн хойд зүгт 250 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.07-ны өдрийн 12:30 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сайдын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 07.08-ны өдрийн 03:45 цагт цурамд оруулсан.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Сарын даваа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 100 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 80 км-т, Орхон аймгийн төвөөс урд зүгт 20 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 22:40 цагт унтраасан. Уг түймэрт 1 га ойн талбай шатсан.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас багийн “Шар чонж” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км, аймгийн төвөөс баруун зүгт 145 км-т/ тус сумын харьяат малчин Ц-ийн 4 ханатай гэр 07.07-ны өдрийн 14:00 цагт шатсан. Мэдээллийг тус багийн Засаг дарга Р.Бодьжаргал мөн өдрийн 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн 3 дугаар гудамжинд иргэн А-ийн 4 ханатай гэр 07.07-ны өдрийн 17:00 цагт шатсан. Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Б.Лувсандорж мөн өдрийн 19:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн “Задгай”-д тус сумын харьяат иргэн Б-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин 07.07-ны өдрийн 01:00 цагт шатсан. Мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Наранбаатар мөн өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top