Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, ахиухан хэмжээний усархаг бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгаар 15-17 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр болон Дорнод Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө бага зэрэг сэрүүсч 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ахиухан хэмжээний усархаг бороо, 11-12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд говийн бүс нутгаар, 11, 13-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Рашаантын дааган толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 225 км, сумын төвөөс хойд зүгт 100 км, Хилийн 0286 дугаар ангиас зүүн хойд зүгт 250 км/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.07-ны өдрийн 12:30 цагт цурамд оруулсан. 07.08-ны өдөр цэвэрлэгээ хийж унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сайдын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж 07.08-ны өдрийн 03:45 цагт цурамд оруулж, мөн өдрийн 21:00 цагт бүрэн унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Урт багийн “Сангийн даваа Шар чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т, Хялганат тосгоноос зүүн урд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд түймэр дээр 20:50 цагт очиход мөн өдрийн 19:30 цагаас бороо орж түймэр унтраасан. 

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Булган аймгийн Булган сумын Хужирт, Агуйт, Жаргалант, Булган багт 07.08-ны өдрийн 17:55-20:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас Засаг даргын Тамгын газар, орон сууц, худалдаа үйлчилгээний барилгын зоорийн давхарт үерийн ус орсон дуудлагыг 07.08-ны өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Онцгой комисс, “Булган Мээж” ОНӨТҮГ-ын ажилтнууд, орон нутгийн иргэд 8 барилгын зоорийн давхрын усыг соруулж ажилласан.

4.Мэдээлэл:

Обьектын гал түймэр: Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн “Индэрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т/ малчин О-ийн 4 ханатай гэр 07.08- ны өдрийн 16:07 цагийн орчим шатаж, 2 хүн түлэгдсэн тухай мэдээллийг 16:13 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд 16:13 цагт очиж, тус аймгийн харьяат иргэн О /42 настай, эрэгтэй, 2 гар, 2  хөл, хэвлий, нуруу, нүүрний хэсэг түлэгдсэн/, иргэн С/39 настай, эмэгтэй, 2 гар, 1 хөл, хэвлий түлэгдсэн/ нарт эмнэлгийн анхан тусламж үзүүлэн Өмнөд бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлсэн тухай мэдээллийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Огтбиш аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.             

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баяннуур багийн Зүүн хоолой гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 101 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 88 км-т/ Малчин П-ын 5 ханатай гэрийн эд хогшил 07.08-ны өдрийн 04:00-05:00 цагийн хооронд шатсан тухай мэдээллийг 07.08-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Уг гал түймэрт малчин П/38 настай, эрэгтэй/-ын 2 хөл түлэгдсэн, 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт мөн өдрийн 09:03 цагт хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Амгаланбат аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн Бүстийн гудамжны задгайд иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн мэдээллийг 07.08-ны өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч Р.Чинбатаар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                                           

scroll to top