Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд нутгийн зарим газраар, 12,14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төв аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн 12 дугаар гудамжинд иргэн Н-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:42 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн “Цагаан хаалганы” хажууд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 13:50 цагт очиж /Улаанбаатар хотоос Ховд аймгийн Булган сумын чиглэлд явж байсан/ иргэн Н-ийн “Дэйво” загварын автомашин, ачиж явсан 4 тонн барилгын материалын хамт шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:03 цагт очиж эзэн тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн 5 дугаар гудамжинд баригдаж байгаа барилгад хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 03:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:35 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Рашаантын дааган толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 225 км, сумын төвөөс хойд зүгт 100 км, Хилийн 0286 дугаар ангиас зүүн хойд зүгт 250 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 07.07-ны өдрийн 12:30 цагт цурамд оруулан 07.09-ний өдрийн 10:10 цагт түймрийг бүрэн унтраасан. Гал түймэрт урьдчилсан байдлаар 50 га талбай өртөж шатсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг “Хавцал” гэдэг газар /сумаас баруун зүгт 16 км 49.43N 105.75E/ 07.10-ны өдрийн 00:14 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 00:22 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Үер: Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн “Баянбулаг” 1 дүгээр гудамжинд /сумын төвөөс зүүн зүгт 3 км/ Үерийн усанд хүн урсаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Т /40 настай, эрэгтэй/ нас барсныг олж цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

5. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн дэргэд “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 21 км замыг туулан 12:53 цагт очиж иргэн Б/25 настай, эрэгтэй/ усанд живж амь насаа алдсан байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Булган аймгийн Бугат сумын Агьт баг “Бугатын эх” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 53 км, сумын төвөөс хойд зүгт 1 км/ 07.08-ны өдрийн 17:05 цагт ширүүн усархаг аадар бороо, мөндөр 30 минут орсоны улмаас үер бууж 10 айлын гэр, 7 автомашин гэмтэж, 9 хурга үерт урссан тухай мэдээллийг 07.09-ний өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комисс очиж ажилласан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Хутаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 147км/ 07.08-ны өдрийн 17:15 цагт ширүүн усархаг аадар бороо 1:15 цаг үргэлжлэн орсоны улмаас үер бууж 16 айл, 5 байгууллагын хашаа нурсан тухай мэдээллийг 07.09-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комисс очиж ажилласан.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн “Дар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км/ Малчин О-ийн 140 бог мал /20 ямаа, 120 хонь/ “Хөх тойрон” нуурнаас ус уусны дараа хорогдсон тухай мэдээллийг Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга07.09-ний өдрийн 15:20 цагт мэдээлсэн. Сант сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид 25 км замыг туулан 14:20 цагт очиж ажилласан. /Оторлож явсан малчид малын сэг зэмийг нүх ухаж булсан/

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн Хуучин багийн төвийн урд /аймгийн төвөөс урд зүгт 105 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ “Каунти” загварын дунд оврын автобустай 8 том хүн, 9 хүүхэд Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчиж яваад шаварт суусан мэдээллийг 07.10-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг Даргын тамгын газраас 07.10-ны өдрийн 08:00 цагт Ковш машинаар татан гаргах ажиллагааг зохион байгуулна.

Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт баг “Бугатын эх” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 2 км/ Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчин явсан “Тоёота акуа” загварын автомашинтай иргэн Э/30 настай, эмэгтэй/, 3 хүүхэдтэй /Б10 настай, эрэгтэй, Н 5 настай, эмэгтэй, С 3 настай, эмэгтэй/ явж байгаад шаварт суусан тухай мэдээллийг 07.10-ны өдрийн 00:27 цагт өгсөн. Тус сумын Засаг Даргын тамгын газрын алба хаагчид 00:42 цагт очиж 45 минут ажиллаж 01:28 цагт татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top