Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хагаст хална.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Борт” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 17 км-т/ иргэн Ш-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 17 км зам туулан 23:54 цагт очиж 3 цаг 24 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О /55 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжил  хорооллын 22 дугаар хэсгийн “Задгай”-д  иргэн О-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 02:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл  сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 39 дүгээр ангийн алба хаагчид  3 км зам туулан 02:07 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт О /34 настай, эрэгтэй/, Д /12 настай, эмэгтэй/, Г /2 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усанд суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Шар хад”-ны автобусны эцсийн буудлын зүүн талд “Улиастайн” голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 15:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид 9 км зам туулан 15:46 цагт очиж 2 зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашиныг уснаас татан гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбэ голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид 10 км зам туулан 21:28 цагт очиж 2 зорчигчтой зорчиж явсан “Лексүс-300” загварын суудлын автомашиныг уснаас татан гаргасан.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “Шумуултайн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т/ Увс аймгийн Улаангом сумын төвөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын чиглэлд 10 зорчигчтой зорчиж явсан “Альфард” загварын суудлын автомашин 07.09-ний өдрийн 19:20 цагт онхолдож Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Ц /70 настай, эмэгтэй/, Б /58 настай, эрэгтэй/, З /32 настай, эрэгтэй/ нар бэртэж гэмтэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа, мөн сумын харьяат иргэн О /81 настай, эрэгтэй/, Н /70 настай, эмэгтэй/, Ө /67 настай, эмэгтэй/, Ө /63 настай, эмэгтэй/, Б /60 настай, эмэгтэй/, Э /59 настай, эмэгтэй/, А /57 настай, эмэгтэй/ нар нас барсан. Мэдээллийг 07.10-ны өдрийн 12:02 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б ОБЕГ-т ирүүлсэн. 

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн Хуучин багийн төвийн урд /аймгийн төвөөс урд зүгт 105 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ “Каунти” загварын, дунд оврын автобустай 8 том хүн, 9 хүүхэд Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд зорчиж яваад шаварт суусан мэдээллийг 07.10-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж  07.10-ны өдрийн 08:30 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top