Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.  

Төлөв байдал:   16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-19-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16, 17-нд зарим газраар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 13:50 цагт очиж, иргэн Э-ын 7×8 метрийн хэмжээтэй модон байшин, 4×4 метрийн хэмжээтэй амбаар, “Мазда Картер” загварын бага оврын ачааны автомашин, 4 метр хашаа шатаж байсныг 1 цаг 30 минут, хүч нэмэгдүүлж тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 14:11 цагт очиж, 30  минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 44 дүгээр байрны 9 дүгээр орцны 1 давхарт ахуйн газы дэлбэрч утаа гараад байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:31 цагт очиж, тус байрны 3×3 метрийн хэмжээтэй зоорийн өрөөнд иргэн Г/25 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/ нар газын плитка мах шарж байх үед дэлбэрч өрөөний эд хогшил, цонх шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г, Б нарын нүүр, гар, хөл түлэгдсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Зам тээврийн осол:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 3 км-т/ тус аймгийн Бүрэнтогтох сумаас Мөрөн сумын чиглэлд О-ийн жолоодож явсан “Приус 11” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ сэтэрсэн зам цөмөрч орсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 09:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан 09:57 цагт очиж, 1 цаг 07 минут ажиллаж, автомашиныг татаж гаргасан.

4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт тус сумын нутгаар 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Хөвсгөл-АЗЗА” ХК, Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд 07.14-ний өдөр автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулсан. “Нисэхийн гүүр”-ээс “Дэлгэрмөрөн” гол хүртэл 70 м үерийн шуудуу татсан.

Увс аймгийн Улаангом сумын 2, 5, 7, 12 дугаар багт 07.14-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас уруйн үерт 3 өрхийн 8 ханатай 7 гэр, 5 ханатай 1 гэр автсан, “Гашууны гол”-ын түр гүүр эвдэрч автомашин үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан Онцгой, Цагдаа, Хилийн 0245 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, хашаан дахь 20 тн усыг соруулж, гэрүүдийг нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2205 гаруй автомашинуудыг татаж гаргасан.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Шивээ гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 89 км-т, сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн О-ийн “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигч/ үерт урссан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийнхэн очиж, тус автомашинд зорчиж явсан иргэн Н/63 настай, эмэгтэй, эгэм хугарсан/, Э/30 настай, эмэгтэй/, М /5 настай, эмэгтэй/ нарыг голоос гаргаж сумын сум дундын эмнэлгийн их эмч П.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид мөн өдрийн 22:20 цагт очиж, 6 метр өндөр далангаас татаж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн “Дэлгэрэх гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд 2 км-т/ иргэн Н-ийн “Даево Нубира” загварын суудлын автомашин үерийн усанд урсаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 ангийн алба хаагчид 21:07 цагт очиж, 30 минут ажиллаж тус автомашиныг үерийн уснаас татаж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

Увс аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн “Бургастай” голд /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд зорчиж явсан Дархан-Уул аймгийн харьяат О-ийн жолоодож явсан “Делика” загварын автомашин /8 зорчигчтой/ суусан тухай дуудлагыг 07.14-ний 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид 22:15 цагт очиж, 6 том хүн, 2 хүүхдийн хамт автомашиныг татан гаргасан.  

Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэ-Хайрхан багийн нутаг “Урт гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км, аймгийн төвөөс хойд зүгт 32 км-т/ “Түргэн-Их” голын гүүр үерийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тухай дуудлагыг 07.14-ны өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 23:45 цагт очиж, туулах чадвартай “Зил 131” загварын ачааны автомашинаар 45 иргэнийг голоор гаргаж, Улаангом хотод зөөвөрлөсөн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Орхон голын “Шивэртийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 27 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т/ Иргэн М-ын “Ланд круйзер 80” загварын суудлын автомашин голд суусан тухай дуудлагыг 23:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах, 45 дугаар ангийн алба хаагчид 00:15  цагт хөдөлгөөн үйлдсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 64 дүгээр байрны 4 дүгээр орцны 4 давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 07:14-ний өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13 км замыг туулан 11:06 цагт очиж, тус байрны 4 давхрын 54 тоотын тагтан дээр Д /6 настай, эрэгтэй/, Д /2 настай, эмэгтэй/ нарыг ярилцлага хийн гэрт нь оруулж, аав Б.Батбаярт хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 215 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Тус багийн харьяат иргэн О /28 настай, эрэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: “Гурван тохой” гэдэг газраас “Луу тохой” гэдэг газар хүртэл усаар 87 км-т урсаж, 3.5-4 метрийн гүнд 6 удаа шумбасан, 2 дугаар бүлэг: “Орхон” голын эрэг дагуу 46 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдийн 07:55 цагт “Гурван тохой” гэдэг газраас урд зүгт 11 км-т “Луу тохой” гэдэг газар иргэн О-ын цогцос усны мандал дээр хөвж байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. 

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Тээл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 17 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ тус сумын харьяат 18 насны 20 хүүхэд /11 эмэгтэй, 9 эрэгтэй/ “Тээл” голын усанд боогдсон тухай дуудлагыг 07.14-ний 07:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08:37 цагт очиж, аврах олсоор канал татаж, 3 цаг ажиллаж 20 хүүхдийг эсэн мэнд голоос гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгайд “Туул” голд Тус дүүргийн харьяат Т /11 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.     Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 13:30 цагт очиж, “Туул” голын урсгал дагуу 35 км-т урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:55 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 07:00 цаг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.    

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 6 дугаар багийн “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 105 км-т, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 12 км-т/ “Хөвсгөл” нуурын эрэг дагуу явж байсан Орхон аймгийн харьяат иргэн Т /58 настай, эмэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, М /7 настай, эмэгтэй/ нар хөл алдаж нууранд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 16:23 цагт очиж, мөн өдрийн 16:25 цагт иргэн  Т-ын цогцсыг, хүч нэмэгдүүлж тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид мөн өдрийн 19:49 цагт очиж,  20:40 цагт М /7 настай, эмэгтэй/, 20:45 цагт Б /33 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, тус тосгоны Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч М.Энхболдод шилжүүлж өгсөн.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрэмийн нуур”-д /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ 07.14-ний 09:00 цагийн орчим 3-6 насны 4 хүүхэд /1 эрэгтэй, 3 эмэгтэй/ “Гүрэмийн нуур”-нд завьтай зугаалж байхад салхинд туугдан нуурын төв хэсэг рүү явсан тухай дуудлагыг 7.14-ний өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Э /8 настай, эрэгтэй/ Э /5 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/, Б/6 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд аварч, иргэн М-д мөн өдрийн 10:56 хүлээлгэн  өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 09:43 цагт очиж, аялал зугаалгаар явж буй иргэдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хорихын амралт” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 14 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 195 км-т/ Иргэн Э /2 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд осолдсон тухай мэдээллийг 07.14-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус багийн “Хорихын амралт” гэдэг газраас зүүн зүгт 4 км-т “Хэрлэн” голын эрэг дээрээс Э-ийн цогцсыг иргэн Д олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Ган-Эрдэнэд шилжүүлж өгсөн.  

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт “Гашууны гол”-ын гүүрээс хойд зүгт 300 метрт /аймгийн төвөөс зүүн зүгт 2 км-т/ Увс аймгийн Улаангом сумаас Дундговь аймгийн чиглэлд Дундговь аймгийн харьяат иргэн Б-ийн жолоодож явсан “Фургон” загварын суудлын автомашин /2 хүүхэд, 6 том хүн/ “Гашууны гол”-ыг гаталж явахдаа үерийн усанд унасан тухай дуудлагыг 07.14-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 22:10 цагт очиж, 3 цаг 20 минут ажиллаж, 8 зорчигчийг эсэн мэнд аварч, автомашиныг татан гаргасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Хужиртын гол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 15 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 70 км-т/ Иргэн У-ын “Ланд Круйзер Прадо 150” загварын суудлын автомашин /2 хүүхэд, 5 том хүн/ “Хужирт” голын усанд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 02:00 цагт очиж, 15 минут ажиллаж тус автомашиныг голын уснаас татан гаргасан.

5.Мэдээлэл:

Увс аймгийн Ховд сумын Шивэр багийн “Өмнө хороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 07.14-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хариулж явсан иргэн Т /21 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай мэдээллийг 07.15-ны өдрийн 01:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 02:05 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Лхагвасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Ховд аймгийн Чандмань сумын төвд Завхан аймгийн Улиастай сумаас Ховд аймгийн Чандмань сумын чиглэлд зорчиж явсан 3 автомашин /12 зорчигчтой/ элсэнд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 07.15-ны өдрийн 06:48 цагт хөдөлгөөн үйлдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top