Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Завхан, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй,  салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал:  18, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг “Цагаан даваа”-нд  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-ийн “Норд бенз” загварын автомашин онходож их хэмжээний шатахуун асгаран шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид 10 км зам туулан 15:58 цагт очиж 32 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 16 хүн,  3 автомашин, 1 мотоцикл өртсөнөөс нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г /50 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар нас барсан бөгөөд түлэгдэж гэмтсэн 4 иргэнийг тус аймгийн Ихтамир сумын эмнэлэгт 16:15 цагт, мөн 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт 17:50-20:00 цагт тус тус  хүргэсэн.  Гал түймэрт өртөж түлэгдсэн   биеийн байдал маш хүнд 12 иргэнийг  Улаанбаатар хотод ГССҮТ-д авч ирэхээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгээр 07.16-ны өдрийн 04:25 цагт Зэвсэг хүчний 303 дугаар ангийн нислэгийн талбайгаас хөөрч 07:15 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буусан. Мөн өдрийн 08:30 цагт У /6 настай, эмэгтэй/ тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан. 10:14 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас хөөрч иргэн А /59 настай, эмэгтэй/, Б/51 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Ц /33 настай, эмэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ Б/29 настай, эрэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/, мөн 07.15-ны өдрийн 14:51 цагт тус аймгийн Цахир сумын Цахир багийн “Солонгот”-ын даваанд осолд орж хүнд гэмтсэн Ө/7 настай, эрэгтэй/ нарыг 12:10 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн. Иргэн А/59 настай, эмэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, мөн Ө/7 настай, эрэгтэй/ тархины хүнд гэмтэлтэй тул мэс засал хийлгэсэн биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, иргэн Ц /33 настай, эмэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр байгаа тул энгийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Б/37 настай, эрэгтэй/ биеийн байдал хэвийн байсан тул гэрт нь гаргасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын 18 дугаар гудамжинд иргэн У-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 09:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км зам туулан 09:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн Өгөөмөр хорооллын 23 дугаар гудамжинд иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 11:12 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн “Хархираа” хорооллын 10 дугаар гудамжинд иргэн Д-ийн 4×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 14:36 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай”-д Иргэн Б-ын 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:13 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Өлгий”-н 7 дугаар гудамжинд и ргэн С-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 17:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 2 дугаар гудамжинд иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:26 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Харгант” багийн “Задгай”-д Иргэн Т-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 23:15 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үер: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт Тус сумын нутгаар 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн “Хөвсгөл-АЗЗА” ХК, Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд 07.16-ны өдөр автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулсан. “Нисэхийн гүүр”-ээс “Дэлгэрмөрөн” гол хүртэл 70 м урт үерийн шуудуу татсан.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн “Согоогын зуслан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Цэнгэл сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ Тус сумын нутгаар 07.14,15-ны өдөр үргэлжилсэн бороо орсны улмаас 40 айлын гэр усанд автаж 10 айлын гэр үерт урссан, цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуур багана унасан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 10 айлыг нүүлгэн шилжүүлж, 100 метр урт шуудуу ухан хуримтлагдсан усыг зайлуулан 50 см өндөр, 600 метр урттай шороон далан босгосон.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.16-ны өдрийн 07:00 цагаас эхлэн Энгэр шанд гэдэг газраас Яармагын гүүр хүртэл 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.17-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

     Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, С /48 настай, эмэгтэй/, Б /26 настай, эмэгтэй/, Б/20 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, Т/4 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа Бэлтсийн голын усанд  07.15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан, автомашин урсах явцад иргэн Б /26 настай, эмэгтэй/ эсэн мэнд гарч явган явсаар 07.16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 07.17-ны өдрийн 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгон-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тус сумын харьяат иргэн Г/34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 07.17-ны өдрийн 06:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хангилцагийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ Увс аймгийн Улаангом сумын төвөөс Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан 3 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 08:10 цагт очиж шаварт суусан 3 автомашиныг татан гаргасан.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Тогоо булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Тус сумын нутагт оторлож байсан Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат малчин Э-ийн “Мазда бонго” загварын ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаачид 35 км зам туулан 17:10 цагт очиж шаварт суусан автомашиныг татан гаргасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Горькийн” 5 дугаар гудамжинд 1 эрэгтэй хүн 8 метр гүнтэй нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10.5 км зам туулан 21:04 цагт очиж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гарган тус дүүрэг дэхь Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top