Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 19, 20-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хална.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Цагаан даваа”-нд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-ийн “Норд бенз” загварын автомашин онходож их хэмжээний шатахуун асгаран шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очиж, 32 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 16 хүн, 5 автомашин, 1 мотоцикл өртсөнөөс нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г /49 настай, эмэгтэй/, Х /7 настай, эмэгтэй/ нар автомашин дотроо, маргааш өдрийн 08:30 цагт У /5 настай, эмэгтэй/ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан. Түлэгдэж гэмтсэн 4 иргэнийг тус аймгийн Ихтамир сумын эмнэлэгт 16:15 цагт, мөн 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт 17:50-20:00 цагт тус тус  хүргэсэн.  Гал түймэрт өртөж түлэгдсэн биеийн байдал маш хүнд 11 иргэнийг  Улаанбаатар хотод ГССҮТ-д авч ирэхээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр А/59 настай, эмэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, С/45 настай, эмэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /34 настай, эрэгтэй/, Ц /33 настай, эмэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ Б/29 настай, эрэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/ болон мөн 07.15-ны өдрийн 14:51 цагт тус аймгийн Цахир сумын “Солонгот”-ын даваанд осолд орж хүнд гэмтсэн Ө /7 настай, эрэгтэй/ нарыг 12:10 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д хүлээлгэн өгсөн. Иргэн А, Б, Б, Б, Н, Б нарын биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, мөн Ө тархины мэс засал хийлгэж, биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, иргэн Ц, Э, Т, С нарын биеийн байдал хүндэвтэр байгаа тул энгийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Б биеийн байдал хэвийн байсан тул гэрт нь гаргасан. 07.17-ны өдрийн 04:30 цагт Улаанбаатар хотын ГССҮТ-д тус аймгийн Их тамир сумын эмнэлэгт эмчлүүлж байсан Э /34 настай, эрэгтэй/, Ш /21 настай, эмэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой байгаа тул энгийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Т /8 настай, эрэгтэй/-ийн биеийн байдал хэвийн байсан тул гэрт нь гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Сүү” ХХК-ийн хөргөлтийн цехд гал гараад байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 16:29 цагт очиж, цаасан хайрцаг, 9×3 метрийн хэмжээтэй хөргөгч шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны 1 дүгээр орц Зоорийн давхраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 23:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:48 цагт очиж 3.5×4 метрийн хэмжээтэй гутал засварын өрөөнд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт хаяг тодорхойгүй иргэн М /43 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бүжинлхамд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ботаникийн 1 дүгээр хэсэгт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:02 цагт очиж, иргэн А-ын /эзэнгүй/ 5 ханатай гэр, 2×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Бусад үйлдвэрлэлийн осол: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 177 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ тус сумын цахилгаан дамжуулах утас тасарсан бөгөөд “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн инженер Б-ээс цахилгаан дамжуулах утсыг засварлахад “Ховд” голыг гатлах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг 07.18-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус компанийн ажилтнууд мөн өдрийн 00:55 цагт хөдөлгөөн үйлдсэн.

4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ 07.17-ны өдрийн 03:00-05:00 цагийн хооронд дуу цахилгаантай бороо орсны улмаас аянга бууж, 5 өрхийн 500 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг 07.17-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус сумын Сүмбэр багийн Засаг дарга Э.Тайванжаргалаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагт очиж, 316 ямаа, 163 хонь, нийт 479 бог малын хорогдсон малын сэг зэмийг устгаж, булах ажлыг зохион байгуулж ажилласан.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.17-ны өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар 193 км-т завьтай урсаж, 60 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.      

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Вива Сити” хорооллын баруун хойд талд “Туул” голд эмэгтэй хүний цогцос урсаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 10:49 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Яармагийн гүүр”-ээс “Баянзүрхийн гүүр” хүртэл 88 км-т 10 удаа шумбаж, мөн өдрийн 18:56 цагт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Г /60 настай, эмэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бат-Итгэлд шилжүүлэн өгсөн. 

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтэсийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ Тус багийн “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ландкрузер-80” загварын автомашинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/, С/48 настай, эмэгтэй/, Б /26 настай, эмэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, Т /4 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа “Бэлтэс”-ийн голын усанд  07.15-ны өдрийн 19:00 цагийн орчим урссан, автомашин урсах явцад иргэн Б/26 настай, эмэгтэй, 5 сартай жирэмсэн/ эсэн мэнд гарч явганаар 07.16-ны өдрийн 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбар, сумын аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 07.17-ны өдрийн 09:27 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 09:40 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат Т-ын цогцсыг автомашины багаж, 12:39 цагт тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б-ийн цогцсыг осол болсон газраас 6 км-т, 13:17 цагт иргэн С-ийн цогцсыг осол болсон газраас 6.5 км-т, 14:25 цагт Б-ийн цогцсыг осол болсон газраас 8 км-т, 16:33 цагт иргэн Б-ын цогцсыг осол газраас 13 км-т голын хойд эргээс 40 метрийн зайд сайраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгон-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ажилтнууд 07.17-ны өдрийн 06:30 цагаас “Гонгойн олом” гэдэг газраас “Хүрэн эрэг” гэдэг газар хүртэл 84 км-т завьтай урсаж, 1-2 метрийн гүнд 21 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.17-ны өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Гүнгийн таван салааны гаталга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 74 км-т/ Увс аймгийн Улаангомын чиглэлд 100 гаруй хүн, 16 автомашинтай явж байгаад “Түргэний их гол”-ын усанд боогдсон тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 09:55 хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10:00 цагт очиж, 185 иргэн, 27 тээврийг хэрэгслийг зөөвөрлөн татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top