Д.Сэржмядаг: Хүн амын сэтгэлзүйн бэлтгэл, хариуцлага гамшгийн үед чухал гэдгийг “Ковид-19” харуулж байна

image_660.jpeg

Ц.Дуламсүрэн

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдахуйн ухааны доктор, дэд хурандаа Д.Сэржмядагтай ярилцлаа. Тэрээр онцгой байдлын албанд 15 жил ажиллаж байгаа бөгөөд салбарынхаа хамгийн анхны эмэгтэй доктор юм.

Юун түрүүнд багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хэр хугацаа зарцуулсан тухайгаас ярилцлагаа эхэлье?

-Би Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрж, өссөн. Орчин үетэй адилхан интернэт байгаагүй болохоор тухайн цаг үеийнхээ хамгийн сайхан мэргэжлийг л эзэмшихийг хүсдэг байлаа. Би 5-6 дугаар ангидаа ээжтэйгээ адилхан эмч мэргэжилтэй болно гэж боддог байсан ч, ээж маань “Хэцүү мэргэжил. Дандаа хүний зовлонг сонсдог юм. Чи багш бол” гэж хэлж байсан юм. Тэгээд би багш болохоор шийдэж, 18 настайдаа Улаанбаатар хотод оюутан болж орж ирсэн. Тэр үед надад хот бол гайхамшигтай газар мэт санагдаж байлаа. Монгол Улсын багшийн их сургуульд сурч байхдаа эрдмийн ажил хийдэг багш болоё гэж боддог болсон. 2001 онд бакалаврын зэрэг горилсон дипломын судалгааны ажлаа хүн судлаач, шинжлэх ухааны доктор Ж.Батсуурь гэдэг хүнээр удирдуулж бичиж байсан. Яг дипломын ажлаа хамгаалж байх өдөр удирдагч багш маань ирж, Хүн судлалын төвд ажиллах санал тавьсан юм. Тэгээд багштайгаа хамт ажиллахдаа судлаач хүн ямар байх ёстойг сурч авсан. Манай багш бараг л 24 цагийн турш судалгааныхаа ажлыг хийдэг болов уу гэмээр ажилладаг хүн. Баяр ёслолын үеэр ч хийж байгаа зүйлээ хойш тавьдаггүй. Тэр газарт дөрвөн жил гаруй ажиллаад өөр байгууллагад ажиллаж үзэхээр шийдсэн.  Намайг ажил хайж байх үед буюу 2005 оны гуравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газраас Гамшиг судлалын хүрээлэнг байгуулсан юм билээ. Есдүгээр сард нь энэ байгууллагаас холбогдож, шинээр байгуулагдсан гамшгаас хамгаалах чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэнд магистрын зэрэгтэй, англи, орос хэлтэй хүнийг эрдэм шинжилгээний ажилтан авах хүсэлтэй байгаагаа хэлж, энэ ажилдаа орж байлаа.

-Онцгой байдлын газрыг хүмүүс гал унтрах, аврах алба хаагчаар төсөөлдөг шүү дээ. Тэр үед гамшиг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орохдоо юу судлах бол гэж, төрийн, цэргийн байгууллага гэдэг утгаар айж байв уу?

-Хүн мэдэхгүй байх тусмаа илүү их зоригтой байдаг шүү дээ. Тухайн үед судалгааны ажлыг дөрвөн жил хийчихсэн байсан болохоор судалгааны ажил гэж юу болохыг бол бага зэрэг мэдэж байсан. Харин юу судлах ёстойгоо мэдэхгүй байлаа. Анх англи, орос хэлний шалгалт авахад би гамшиг гэдэг үгийг англиар мэдэхгүй, аюул буюу danger гэж өөрийнхөө мэддэг үгээр оруулж бичиж байсан юм. Тэгээд байгуулагдаад удаагүй шинэ газарт цэргийн том цолтой хүмүүстэй ажиллахад сайхан байсан. Ажилд орсон цагаасаа хойш гурван жил энэ салбарын тухай бүхий л ном, эрх зүйн бичиг баримтыг уншиж, судлаад цаашид судлах чиглэлээ олж аваад 2008 онд докторт суралцаж, 2013 онд судалгааны ажлаа дуусган хамгаалж, энэ салбарынхаа анхны эмэгтэй доктор болж байлаа. 

-Ер нь гамшиг судлалын хүрээлэн байснаар манай улсад тохиож болох ямар аюулаас хамгаалж, өөрчлөлтийг бий болгох вэ. Мөн таны ажлын чиг үүрэг юу вэ? 

-Гал түймэртэй тэмцэх газарт галын шалтгаан тогтоох, дүгнэлт гаргадаг лаборатори, иргэний хамгаалалтын газарт хими, цацрагийн лаборатори, судалгаа шинжилгээний хэлтэс гэсэн газрыг нэгтгэн Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдсан. Ер нь судалгааны байгууллагатай байхын ач холбогдол нь өнөөгийн мэдлэгийн эрин үед аливаа шийдвэр бодитой, шинжлэх ухаанч, баримт, нотолгоонд тулгуурласан байх нөхцлийг бүрдүүлж өгснөөр гамшгаас хамгаалах ажлыг үр дүнтэй зохион байгуулж чадна гэсэн үг. Би анх байгалийн гаралтай гамшгийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар орж байсан. Монгол оронд тохиолддог зуд, үер, аянга зэрэг нэлээд хэдэн нэр төрлийн гамшгийн эрсдэлийг бууруулах тухай судалгаа хийж байгаад 2012 оноос гамшгийн эрсдэлийн асуудал хариуцсан ЭШ-ний ахлах ажилтнаар ажиллаад 2015 оноос эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлыг хийж байна. Өнгөрсөн бүхий л хугацаанд дандаа судалгаа хийж ирсэн. Ингэхдээ би гамшиг болохоос өмнө урьдчилан харж сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг болох нөхцөлүүдийг хэрхэн арилгах талаар судалгаа хийсэн. Ер нь энэ салбарт гамшгийн эрсдэлийн удирдлага, гамшгаас хамгаалах удирдлагыг шинжлэх ухааны үндэстэйгээр явуулах арга замын талаар тухай хүрээлэнгийн судлаачидтайгаа хамтарч ажиллаж байна.  

-Одоо хоёулаа манай улсын гамшгийн менежментийн талаар ярилцъя. Манай улс “Ковид-19” халдвар гарахаас өмнө гамшгийн өндөр эрсдэлтэй үед иргэдийг эрсдэлээс хамгаалах, удирдан зохион байгуулах чиглэлд ямар менежмент боловсруулсан байсан бэ?

-2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсан цагаас эхлэн гамшгаас хамгаалах иж бүрэн бодлого хэрэгжиж эхэлсэн. Манай улсад олон талын байгууллагын оролцоог шаарддаг гамшиг бол зуд. Мөн Онцгой байдлын байгууллага, Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж байсан нэг чиглэл бол газар хөдлөлт. Газар хөдлөлтийн гамшиг болбол хэрхэн ажиллах тухай төлөвлөлт хийж, бэлэн байдлаа хангаж, хүмүүсээ сургаж байсан. Ерөнхийдөө хүний халдварт өвчин дээр өргөн цар хүрээтэйгээр бэлтгэл ажлаа хэрхэн хангаж ажиллах төлөвлөгөө цаасан дээр л байсан болохоос бодитоор хэрэгжүүлж байгаагүй. Гэхдээ шүлхий, тарваган тахал зэрэг мал, амьтны халдварт өвчинд тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө гэж байдаг. Түүнд монгол оронд тохиолдож болох аюулын төрөл тус бүрт аль байгууллага нь тэргүүлж, ямар байгууллага ямар ажлыг хийх, хэн нь иргэдийг мэдээллээр хангах тухай төлөвлөлтүүд байдаг юм. Тиймээс “Ковид-19” халдвар гарснаар бидний боловсруулсан хүний халдварт өвчний үед ажиллах төлөвлөгөө хэрэгжих боломжтой байсан уу, үгүй юү гэдгийг олж харах боломжтой болж байна.  

-Та сая өмнө гаргасан бодлогын баримтдаа дүгнэлт гаргах боломжтой боллоо гэлээ. Иргэд энэ үеийн бодлого шийдвэрт янз бүрийн л байр суурьтай байна. Ер нь энэ мэт гамшгийн үед ажиллахад онцгой байдлын байгууллага болон бусад салбар яаж ажиллах хэрэгтэй тухай дүгнэлт гаргасан уу?

-Ерөнхийдөө “Ковид-19”-тэй холбоотой тухайлсан судалгааг хийгээгүй байна. Гэхдээ УОК-ын шуурхай штаб, ОБЕГ-аас хамтраад Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэгдсэн тайлан гаргаж байгаа. Гамшгаас хамгаалах тухай хууль 2017 онд шинэчлэгдсэн ч “Ковид-19” халдвартай холбоотой шийдвэрийг гарахад хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй, нэмэлт нөхцөлтүүд үүсч байгаатай холбоотойгоор тухайн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Жишээ нь, бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт зургаан сарын турш ажиллаж байна. Урт хугацаанд ажиллаж байгаа энэ үед хүмүүсийг нэгтгэн удирдах, ажиллуулахад юу чухал байдаг тухай эхний гурван сарын үйл ажиллагаанаас сургамж авч, дөрөвдүгээр сард ОБЕГ-аас ажлын хэсэг гарган хуульд нэмэлт өөрчлөлт оруулан,  таван сард УИХ-аар батлуулсан.

-Аливаа улс оронд гамшгийн өндөр эрсдэл үүссэн үед иргэд, байгууллагууд ямар байвал өндөр эрсдэлгүйгээр гамшгийг даван туулж болох вэ?

-Би сая гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тухай ярилаа. Үүнийг шийдвэр гаргах болон мэргэжлийн төвшинд онцгой байдлын байгууллага, гамшиг гарсан тухайн салбар хамтран ажиллахдаа мөрдөнө. Харин үүнд хамгийн гол нь хүн амын дэмжлэг чухал байдаг. Энэ дотроо хүмүүсийн хандлага ихээхэн чухал. Япон хүмүүс гэхэд олон удаа гамшгийн нөхцөлтэй нүүр тулж байсан болохоор гамшгийн үед дэлгүүртээ тайван оочирлох зэрэг дадалтай болсон байдаг. Яг энэ үед тохиолдож буй байдлыг харахад манай улсын хүн амд гамшгийн үеийн сэтгэл зүйн бэлтгэл суулгах, хариуцлагатай байх тал дутагдалтай байгаа нь харагдаж байна. Салхи шуурга их байх тул гэрээсээ гарч болохгүй шүү гэж зарлаад байхад хулгайн замаар гараад явчихдаг байх жишээний. Тиймээс ямар ч төрлийн гамшиг байсан түүнд хүн өртөж байгаа учраас шийдвэр гаргах түвшин, бодлого боловсруулж байгаа хүмүүс яаж ажиллаж байна гэхээс илүү иргэд ямар хариу үйлдэл үзүүлж байгаа нь чухал. Тиймээс тайван цагт сургалт явуулахад иргэд идэвхтэй хамрагдаж, бага наснаас нь эхлээд гамшиг гэж юу болохыг ойлгуулж, ямар нэгэн гамшиг болоход бүх төрлийн нөөц багасах учир тэр хүндрэлтэй нөхцөлд амьдрахад сэтгэл зүйгээ бэлэн байлгаж, төр засгаас гаргаж буй шийдвэрийг дагаж, мөрдөн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй юм.  

-Тэгвэл гамшгаас хамгаалах чиглэлд онцгой байдлын байгууллага ажиллахад техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэр хүртээмжтэй байдаг юм бэ?

-Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг 2011 онд Улсын их хурлаар батлуулаад, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрөө Засгийн газраар батлуулаад 10 жил хэрэгжүүлж, энэ жил дуусаж байна. ОБЕГ-аас манай байгууллагад уг бодлогын хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээг гаргах судалгаа хийлгэсэн байгаа. Энэ бодлого бол нэг зорилго, таван зорилтын хүрээн хэрэгжсэн. Энэхүү бодлого, хөтөлбөрийн үр дүнг том зургаар нь харвал онцгой байдлын байгууллага гэж юу юм, гамшгаас хамгаалах байгууллагын үйл ажиллагааг бүх иргэд ойлгодог болсон. Түүнчлэн онцгой байдлын газар хэр ажилласнаас хамаарахгүйгээр гамшгийн тоо давтамж нэмэгдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт болон улсын хөгжил, бүтээн байгуулалтаас хамаарч гамшгийн эрсдэл  нэмэгдэж байгаа боловч онцгой байдлын байгууллага бусад салбаруудтайгаа хамтран ажилласны хүрээнд гамшигт өртөж гэмтэж бэртэх, амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо бодлого, хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеэс буурсан. Гэхдээ эдийн засгийн хохирол өсч байгаа. Мөн энэ бодлого хөтөлбөрийн тав дахь зорилтод онцгой байдлын байгууллагыг чадавхижуулах чиглэл орсон. Энэ хүрээнд маш их хөрөнгө мөнгийг улсын төсөв болон олон улсын зээл тусламжаар авч техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалт хийсний дүнд өнөөдөр Улаанбаатар хотын дүүргүүдэд гал түймэр унтраах чиглэлийн хангалт 70 хувьтай, орон нутагт 40 хувьтай байна. Тухайлбал, 2010 оны үед насжилт өндөртэй, хуучирсан техник хэрэгслүүд их, нийт техникийн 60 гаруй хувийг эзэлж байсан бол өнөөдөр 16 хувь болж буурсан байна.  Харин бусад төрлийн аврах хэрэгслийн хангалт улсын дунджаар 30 гаруй хувьтай байна. Онцгой байдлын байгууллагаас техник хэрэгслийн хангалтыг ирэх таван жилд улсын хэмжээнд 100 хувьд хүргэхээр зорилт тавиад хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Үүнд их хэмжээний санхүүжилт шаардлагатай.

-Олон улсад гамшиг судлалыг хэрхэн хийж байна вэ. Манайд ганцхан хүрээлэн байна шүү дээ. Үүнийг нэмэх шаардлага байна уу?

-Харилцан адилгүй л байгаа. Гамшиг судлал нь нэг салбарын асуудал биш. Жишээ нь зуд болоход цас их орж, ургамал бага ургаж, малын тоо толгой буурах, малчдын орлого, амьжиргааны түвшин буурах, сум орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт зэрэг нэг гамшиг болоход олон салбарын асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Тэгэхээр гамшиг судлал бол салбар дундын шинжлэх ухаан гэсэн үг. Ер нь Ази Номхон далайн улс орнуудын хурал, уулзалтад орж, туршлага солилцож байхад их сургуулиудаа түшиглэсэн судалгааны төвүүд цөөнгүй байдаг юм билээ. Солонгост очиход нэг хүрээлэн нь л гэхэд 200 хүнтэй. Харин манайх 20 ажилтантай байгаа юм. Эдгээр оронд хүмүүс нэг сэдэв дээр нарийвчилсан судалгаа хийж, бодитой шийдлийг гаргаж чадаж байгаа юм. Харин бидний хувьд судлах юм их байдаг.Манай хүрээлэн энэ чиглэлээр бусад их сургуулиад, хүрээлэнтэй хамтран ажиллах чиглэлэигй барьж ажилалдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

scroll to top