1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутаг болон Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд говийн аймгуудын нутгаар 13-15 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Толгойт”-ын “Задгай”-д Иргэн М-ийн 38х6 метрийн хэмжээтэй ашигладаггүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 17:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 17:36 цагт очиж 1 цаг 40 минут, мөн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9.5 км зам туулан 17:55 цагт очиж 15 минут, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 17:55 цагт очиж 50 минут тус тус ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны “Бичил хороолол”-ын 6а байр иргэн М-ын “Делика” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 19:18 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Хайрхан”-ы 4 дүгээр гудамжинд иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 23:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 22.5 км зам туулан 23:50 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Үер – Усны үер: Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн “Морин туурай хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т/ Тус сумын нутгаар 07.22-ны өдрийн 13:50-14:30 цагт усархаг ширүүн бороо орсны улмаас иргэн И, Ш нарын гэр усанд автсан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 2 өрх айлын 4 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т/11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.22-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” “Маршалын гүүр” гэдэг газар хүртэл 140 км-т завиар явж 95 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.23-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгойн-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 07.22-ны өдрийн 08:10 цагаас Хилэнтийн гүүрнээс тус аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Нүдэн булаг” гэдэг газар хүртэл усаар 85 км-т завиар явж, 1-2 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:55 цагт түр зогсоосон. 07.23-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.22-ны өдрийн 06:00 цагаас “Хоромдох”-ын голын гүүрнээс Хотон нуур хүртэл 18 км-т завиар явж 3-5 метрийн гүнд 7 удаа шумбалт хийсэн. Голын эргээр 20 км-т явганаар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонны “Минж-Үржүүлэг” гэдэг газар 8 хүн зугаалж явснаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Б/25 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 20:01 цагт /23:50 цагт/ хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:37 цагт очиж живсэн газраас баруун зүгт 1 км-ээс цогцсыг олж тус дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Бурхант” уулаас суудлын автомашин өнхөрч хадан хясаан дээр унасан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:25 цагт, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22 км зам туулан 12:43 цагт тус тус очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Б /24 настай, эмэгтэй/ “Короун” загварын суудлын автомашинтайгаа уулын уруу өнхөрч хадан хясаан дээр унасан байсан тул эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Туул голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж иргэн А-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашиныг татан гаргасан.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат багийн “Жаргалант” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ “Ботгоны” голын эргээр явганаар мал хариулж явсан С /13 настай, эрэгтэй/, Ш /13 настай, эрэгтэй/ нар Ботгоны голд живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 2 хүүхдийн цогцсыг уснаас гаргасан тухай мэдээллийг 19:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР