Онцгой байдлын байгууллагаас “Онцгой байдлын албаны хүндэт тэмдэг”, “Онцгой үйлстэн тэмдэг”, “Мэргэшлийн зэргийн тэмдэг”-ний загвар шалгаруулах уралдааныг зарлаж байна.
Нэг. Тэмдгийн нэр, тайлбар:
1.1. “Онцгой байдлын албаны хүндэт тэмдэг”- Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсан, ажил мэргэжлийн өндөр амжилт гаргасан төрийн албан хаагч, иргэнд,
1.2. “Онцгой үйлстэн тэмдэг”- Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж гавъяа байгуулсан, хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсан төрийн болон төрийн бус байгууллага, ажилтан, иргэнд,
1.3. “Мэргэшлийн зэргийн тэмдэг”-Алба хаагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин, алба хаасан хугацаанд нийцүүлэн мэргэшлийн зэргийн шалгалтад тэнцсэн алба хаагчдад тус тус олгоно.
Хоёр. Загварын агуулга:
2.1. Байгууллагын онцлог, уламжлал, үүрэг зорилго, үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн загварын төслийг боловсруулж, хэмжээ, өнгө, хийц зэргийг тодорхой тусгаж, зургийн түвшинд гүйцэтгэнэ.
Гурав. Уран бүтээлчид тавигдах шаардлага:
3.1. Загвар нь байгууллагын онцлог, үндэсний уламжлал, утга санааг илэрхийлсэн, олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байна.
3.2. Бүтээлийг мэргэжлийн программаар зурна.
3.3. Загварыг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн ирүүлнэ.
3.4. Тэмдгийн тодорхойлолт, тайлбар, бэлгэдэл, утга санааг дэлгэрэнгүй бичиж, хавсаргана.
3.5. Загвар зохион бүтээгчийн овог, нэр, хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг хавсарган ирүүлнэ.
Дөрөв. Уралдааны бүтээлийг хүлээн авах, шалгаруулах хугацаа
4.1. 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хүлээн авч, 09 дүгээр сарын 07-ны өдөр шалгаруулна.
Тав. Бүтээлийг шалгаруулж, урамшуулах:
5.1. Тэмдгийн загвар тус бүрт нэг бүтээлийг шалгаруулж, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгоно.
Зургаа. Бусад:
6.1. Тэмдгийн загварт Онцой байдлын албаны бэлгэ тэмдэг /лого/ оруулахгүй байх, мөн бусад байгууллагын тэмдгийн загварыг хуулбарлахгүй байх.
6.2. Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд 1-ээс доошгүй бүтээл ирүүлнэ.
Харилцах утас: 262494, 263561
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР