ОЛОН ӨНГӨ: Амны хаалтаа мартчихсан уу

hb2x3rsw.jpg

А.Золзаяа

Өглөө гэрээсээ яаран гарлаа. Автобусны буудал руу хурдан хурдан алхан, 9 цагтай уралдана. Яарч гарснаасаа болоод автобусныхаа картыг мартчихсан бололтой. Хэдий яарсан ч мөнхийн хэрэглээ болсон гар утсаа ухсаар л явлаа. Цахим хуудсаа шалган, элдэв янзын мэдээ, мэдээллийг сонирхон зогсож байтал автобус ирлээ. Картгүй учир бэлдсэн бэлэн мөнгөө сарвайн автобусны хойд зүг рүү явтал 50 эргэм насны нэг эрэгтэй маск зүүсэн байлаа. Гэнэтхэн толгойд “Нээрээ би чинь маскаа мартчихсан байна шүү дээ” гэсэн бодол орж ирэх нь тэр. Яагаад хамгийн чухал юмаа мартчихав аа гэж өөрийгөө буруутгаж зогстол хажууд зогсож явсан охин, тэр ч бүү хэл эргэн тойрныхон маань бүгд амны хаалтгүй байх нь тэр.

Ер нь энэ бүгчим халуунд яаж амны хаалт зүүх вэ дээ гэж автобусанд явсан хүмүүс болон өөрийгөө зөвтгөөд амжив. Гэхдээ энэ чинь буруу шүү дээ. Дөнгөж өчигдөрхөн би амны хаалт зүүдэггүйгээрээ алдартай АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олны өмнө амны хаалттай гарч ирсэн мэдээ уншсан төдийгүй, тусгаарлалтад шилжсэн иргэд дахин өвчилсөн тухай мэдээг уншин айж суусан атлаа өнөө өглөө амны хаалтгүй гараад “Давхичихсан байв”.

Ай мөн хариуцлагагүй иргэн ээ, би. Саяхан л амны хаалт байтугай гартаа бээлий өмсөн, харсан хүн болгоноо “Энэ хүн арай халдварт өвчинтэй юм биш биз” гэж хардаж, сэрдэж явсан байтал өнөө өглөө өөрөө бусдад сэрдэгдэх нь холгүй ажилдаа орж ирлээ. Хүмүүс минь бид чинь яасан амархан юманд дасдаг, дасахаараа уйддаг амьтад юм бэ.

Эх сурвалж: zindaa.mn

scroll to top