Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос 7-12 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 3Б дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан, 23:18 цаг очиж, иргэн Д-ын 2×2 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн М /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан бөгөөд цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Солонгод шилжүүлж өгсөн.    

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид 07.26-ны өдрийн 06:30 цагаас “Хоромдох”-ын голын дээд хэсгээс “Хотон нуур” хүртэл 18 км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, нисгэгчгүй төхөөрөмжөөр 3 км-ын тойрогт, голын эрэг дагуу 3 км-т эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

4.Мэдээлэл:

Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ Баруун голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 16:23 цагт хөдөлгөөн үйлдэн явж байхад буцалтгүй нэрвэгдэгчийг олсон тул 21:30 цагт буцсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

   

scroll to top