“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Д.Чинбатыг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд гал сөнөөгч, шүхэрчин аврагч, салааны захирагч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.
2008 оноос өөрийн сонирхлоороо Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа автомашинуудыг цуглуулж эхэлжээ. Түүний анхны цуглуулга нь гал унтраах зориулалтын тоглоомон автомашин байсан бөгөөд өдгөө 50 орчим тоглоомон машинтай.
Харин 2011 оноос 1:43 хэмжтээтэй /нэг машиныг 43 дахин багасгасан хэмжээ/ Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа автомашинуудыг цуглуулж байна. Одоогоор үндсэн, тусгай, туслах зориулалтын нийт 80 гаруй автомашинтай. “Монгол модель автомашин цуглуулагчдын холбоо”-оос жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэнд оролцож, ард иргэд, олон нийтэд байгууллагаа сурталчлан ажилладаг гэнэ.
Анхны УАЗ-220695 загварын Шуурхай албаны автомашиныг түүний гэр бүлийнх нь хүн бэлэглэж байжээ.
Түүний цуглуулгаас хамгийн ховор бөгөөд содон автомашин нь “Maginuc-Deutz Mercur” маркийн автомашины модель гэнэ. Энэхүү автомашины моделийг 2019 онд Холбооны бүгд найрамдах Герман улсад аялж яваад, дүү нь төрсөн өдрөөр нь авч бэлэглэжээ.
Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангид ашиглагдаж байгаа үндсэн зориулалтын ЗИЛ-130-АЦ-40/2/, туслах зориулалтын ТСВ-6 зэрэг автомашинууд түүний цуглуулганд бас бий.
Түүний хамгийн хайртай автомашин нь ЗИЛ-130-АЦ-40/2/ гал унтраах үндсэн зориулалтын автомашин. Авах гэж хоёр жил хөөцөлдсөн гэсэн шүү.