1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр:Төв болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудыннутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ,бороо орохгүй,салхи баруун өмнөөс 7-12 м/с, 28-30 градус дулаан байна.
Төлөв:30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 1-нд баруунаймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно.Салхи 31, 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 31-нд баруун болон төвийнаймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус,өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Жишиг” хорооллын 3 дугаар гудамжинд иргэн Б-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 11:29 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны “Тахилт”-ын 22 дугаар гудамжинд Иргэн Ж-ийн 13х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:49 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 12.5 км зам туулан 14:02 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Булган багийн “Нисэх”-ийн 3 дугаар гудамжинд иргэн Ш-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 14:06 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Автозамын осол: Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 8 км-т, Багануур дүүргээс баруун зүгт 38 км-т/ Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Би Эм Си Си” ХХК-ийн “Норд бенз” загварын ачааны автомашин онхолдож шатахуун асгарч байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 36 км зам туулан 08:43 цагт очиж 200-300 литер шатахуун асгарсан 12 м2 тайлбайд элс асган саармагжуулан, онхолдсон автомашиныг 15:45 цагт татан босгосон.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 111 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км/ Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.20-ны өдрийн 17:30 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.28-ны өдрийн 07:30 цагаас эхлэн тус багийн Антены-Өвөр гэдэг газраас Зүүн салаа гэдэг газар хүртэл 21 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.29-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн гүүрний зүүн талд 3 хүн мориор /тус бүр 3 морь холбож хөтөлсөн/ Туул гол гаталж байгаад 1 хүн морьтойгоо живсэн тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 23 км зам туулан 21:01 цагт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн “Хустайн” нуруу гэдэг газраас Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Тэрэлж” гэдэг газарт морьд хүргэхээр явж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Г /22 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд гол гаталж, А /17 настай, эрэгтэй/ морьтойгоо живж нас барсан тул осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын салаанд 3 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийналба хаагчид 13 км зам туулан 14:12 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 9 тоотод оршин суугч иргэн М /19 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, мөн 27 дугаар гудамжны иргэн Д /19 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Задгай”-д Барилгын ажил хийж байсан “Ганбүрэн” ХХК-ийн 5 ажилтан овоолсон шороогэкскаватораар ”Хово” загварын өөрөө өргөгчид ачиж байхад овоолгоноос нурсан шороонд хүүхэд дарагдсан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 18:20 цагт очиж Буянт багийн 16 дугаар гудамжны иргэн Э /6 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Овоотын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 8 км-т/ Хэрлэн голд автомашин суусан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 19:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 8 км зам туулан 19:46 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн С/45 настай, эмэгтэй/ Клугер загварын суудлын автомашины бүхээг дээр зогсч байсныг голын эрэг дээр эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхисон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР