1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 31, 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагчид 4.5 км замыг туулан 18:35 цагт очиж, иргэн Э-ын 6×4 метрийн хэмжээтэй модон байшин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Нарлаг хорооллын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.29-ний өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулж 22:34 цагт очиж, иргэн Ө-ын 7×10 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн Замтын булаг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 111 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км/ Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.20-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн тус багийн Антентай-Уул-аас Бичигт хад, Намир амралтын газар, Замтын булаг, 52-ын айлууд /эзэнгүй өвөлжөө/ зэрэг газруудаар 25 км-т эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.30-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 205 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т Тус аймгийн харьяат иргэн Ч /36 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 07.28-ны өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон. Тус аймгийн Цагдаагийн газраас хамтран ажиллах хүсэлтийг 07.29-ний өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:00 цагийн орчим “Айрхан нуур”-аас /эргээс 2 метр/ мотоциклийг олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, нуураар 300 метр урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 07.30-ны өдрийн 06:30 цагт иргэн Ч-ын цогцсыг “Айрхан нуур”-ын эргээс 200 метрийн зайд нуурын мандалд хөвж байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багийн “Шаврын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т/ Тус аймгийн харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Н /16 настай, эрэгтэй/ нар 4 хүний хамт хиймэл нуурыг сонирхож очоод, осолдсон тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 180 км замыг туулан 22:20 цагт очиж, мөн өдрийн 23:50 цагт иргэн Б-ийн цогцсыг, 07.30-ны өдрийн 02:28 цагт иргэн Н-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
4.Мэдээлэл:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ Даланзадгад сумаас Ханхонгор сумын чиглэлд “Тоёота Спасио” загварын суудлын автомашинтай зорчиж явсан тус аймгийн харьяат иргэн Э /50 настай, эмэгтэй, 1.9 настай 2 хүүхэдтэй/ 07.29-ний өдрийн 19:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 04:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 03:40 цагаас эхлэн “Цагааны гол” гэдэг газраар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 06:11 цагт Ханхонгор сумын Мандах багийн “Үнэгт” гэдэг газраас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР