1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Сүхбаатар, Увс, Ховд аймгуудад бороо орсон. Говь-Алтай, Ховдын Зэрэг суманд шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.
Төлөв байдал: 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 12:27 цагт очиж иргэн Э-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:53 цагт очиж иргэн Ө-ийн “Сузуки Бигхорн” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 13 дугаар хороо, “Алтан тэвш” амины орон сууцонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 22:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:20 цагт очиж иргэн Ч-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Их булаг гэдэг газарт Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчин явсан Хово Триллер загварын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:25 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 111 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км/ Налайх дүүргийн иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.20-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.30-ны өдрийн 05:00 цагаас эхлэн “52-ын айлууд” гэдэг газраас Хавцгайтын-Ам гэдэг газар хүртэл 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр 17:00 цагт түр зогсоосон.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянцагааны давааны урд талын Туул голын салаанд иргэд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 22:50 цагт очиход иргэн О /14 настай, эрэгтэй/, Б/15 настай, эрэгтэй/, Н/15 настай, эрэгтэй/ нар голын усанд боогдсон байсныг аварч, эсэн мэнд гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР