“COVID-19”-ийн үеийн зөрчлүүд

116263927_207656060681241_4812418229806419057_n.png

Б.ДОЛЖИНЖАВ

Хөл хорио тогтоож, хилээ хааж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирээд тусгаарлагдаж байгаа иргэдийн ёс бус үйлдэлтэй холбоотой гомдол огт тасарсангүй. Халдварыг дотооддоо алдаагүй цөөн орны тоонд багтаж байгаа манай улс халдвараас сэргийлэхийн тулд тархалт өндөр байгаа улсаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж байгаа билээ. Энэ онгоцоор хүүхэд, ахмад настан, жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээс гадна тухайн амьдарч байсан оронд нь халдвар тархсан, ажил нь зогссон, амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, оюутны байр нь хаасан,  идэх хоол, хүнс хүрэлцээгүй амьдрахад тун хэцүү байгаа иргэдийг хүндэтгэх шалтгаантай хэмээн эх оронд нь авчирч байгаа.  Манай улс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд 21 хоног, гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж тандалт судалгаа хийж байна. Гэтэл тусгаарлах байрны хоолоо голох, нэг нэгнийхээ өрөөгөөр хэсч хөзөр тоглох тэр байтугай архидан согтуурах явдал их гарах болжээ. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяр  “Сүүлийн үед тусгаарлах байранд зөрчил их гарч байна. Тодруулбал, тарагны сав, бялуун дотор согтууруулах ундаа хийн нэвтрүүлж архидан согтуурсан тохиолдол гарсан. Мөн “Баянхангай” амралтын газарт тусгаарлагдаж байсан иргэд архи ууж, олон нийтийн газар орж бүжиглэсэн.  Тэнд ихэвчлэн энэ сарын 2-ны өдрийн Солонгос улсын цагаачлалын албанд байсан хүмүүс байрлаж байгаа. Бид даруй шалгалт хийгээд зарим хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан. Гэтэл зөрчил гаргасан найман хүн “Солонгосын шоронгоос дор байранд байна. Яах гэж авчирсан юм бэ. Буцаад явна” гэсэн.  Мөн талх, чипс гэсэн хүнсний бүтээгдэхүүн дотор тамхи нууж оруулсан, шөнө дунд 03:00-04:00 цагийн үед гадуур сэлгүүцэж, бие биенийхээ өрөөгөөр хэсч хөзөр тоглох зөрчил их гаргаж байна. Зарим үед хүч хүрэхгүй байх тохиолдол гардаг ч тухай бүрт нь арга хэмжээ авч байна” гэсэн юм.  Тэрээр энэ сарын 24-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Зарим сувиллын газрын  ширдгэн дээр нь хүүхдээ шээлгэж, гарахдаа хаалга, үүдийг нь эвдэлснээс зарим газар болъё гэж байна. Тухайлбал, “Ивээлэн” сувилалд хоёр эмэгтэй хоолны мөнгөө төлөхгүй гээд асуудал үүсгэсэн. 14 хоногийн турш хоолны дэглэм барьдаг гээд хоол идээгүй. Дараа нь долоо хоногийн хугацаанд төлбөрийг нь төрөөс даахад “Одоо хоол иднэ” гээд махыг нь тоолох шахсан. Өнөөдөр тэдний төлбөрийг барагдуулах гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаад араас нь явж байна. Сүүлдээ Улсын ерөнхий прокурорт нэг прокурор гаргаж өгөөч гэж хүртэл хандсан. 
Өр төлбөр барагдуулах шаардлагатай байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг шийдвэр гүйцэтгэгчийг урьж ажиллуулж байна” гэж ярьсан юм. 
Тусгаарлах байранд тавих шаардлагад Улсын онцгой комиссын даргын баталсан журмыг баримталж байна. Энэ журамд тусгаарлах байранд оруулахыг зөвшөөрсөн болон хориглосон зүйлсийг зааж өгсөн. Тухайлбал, тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчимтай. Зөрчил гаргасан иргэнийг 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэр ажиглалтад байх хугацаанд нь хүн уулзаж болдоггүй. Тиймээс ажиглалтын хугацаа дууссаны дараа хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллага хариуцлага тооцох юм байна. Дэглэм журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу иргэнийг 150 нэгж буюу 150 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Тодруулбал,   “Зөрчлийн тухай хууль”-ийн Тавдугаар бүлэг: Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил хэсгийн 5.13.2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн эсвэл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.  Тэгвэл энэ сарын 29-ний байдлаар тусгаарлах байрны журам зөрчсөн 27 зөрчил  гарчээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд долоон зөрчил гарч, холбогдох долоон хүнийг нэг сая 350 мянган төгрөгөөр торгожээ. Харин орон нутгийн хэмжээнд 18 зөрчил гарч 22 хүнийг дөрвөн сая 350 мянган төгрөгөөр торгосон байна. Түүнчлэн зөрчил гаргасан нэг хүнийг шүүхийн шийдвэрийн дагуу долоон хоног баривчлуулсан бол нэг зөрчлийн хэрэг шүүхийн шатанд явж байгаа аж.  Манай улсын хувьд энэ сарын 29-нд 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжиж, одоогоор 2677 хүн тусгаарлан ажиглалтад байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)

scroll to top