Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна

114384291_325840988572278_16322363459845129_n.jpg

 Зүүн  бүсийн аймгуудын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгмйн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг тодотголоо. 07 дугаар сарын дундаас хойш нийт нутгаар хур бороо орсон ч бэлчээрийн гарц хангалттай сэргэж чадаагүй. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай бэлтгэх шаардлагатай байна” гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газраас гаргасан өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг үүрэг болгоод хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэдгийг зөвлөгөөнд оролцогчдод санууллаа” гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаа мэдээллээ.

scroll to top