Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 15:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:37 цагт очиж иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багт /аймгийн төвөөс хойд зүгт 36 км-т/ 08.01-ний өдөр усархаг бороо орсны улмаас уруйн үерт автозамын зорчих хэсэг сэтэрч, цөмөрсөн тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:42 цагт /хүлээн авсан. 08.02-ны өдрийн байдлаар тус аймгийн “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд Шарын голын гүүрнээс ус зайлуулах суваг хүртэл 460 метр автозам, Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлийн 95 метр автозамыг 300 м3 шороогоор дүүргэлт хийн зорчих хэсгийг сэргээн засварласан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Сураггүй болсон гэх иргэн 08.01-ний өдрийн 18:30 цагийн орчим суудлын автомашинд сууж явсан тухай мэдээллийг дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсаны дагуу эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн төвийн Туул голын гарманд автомашин голын усанд суусан иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 21:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн 28 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 22:30 цагт очиход Баянгол дүүргийн дүүргийн иргэн Г-ийн ГАЗ-66 загварын автомашин голд сууж 13 иргэн гарах боломжгүй байсныг аврах завьтай 1:22 цаг ажиллан эсэн мэнд гаргасан.

5.Мэдээлэл:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Улиастайн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ “Онон” гол үерлэсний улмаас иргэн Э-ын өвөлжөө, байшин усанд автсан тухай мэдээллийг 08.01-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас 08.03-ны өдөр хохирлыг тогтоохоор ажиллана.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хүйтэн булаг багийн /аймгийн төвөөс баруун хойд 140 км/ Өвт хорооллын 2 дугаар гудамжинд Иргэн Д-ийн 5 ханатай гэр 08.02-ны өдрийн 10:00 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 08.02-ны өдрийн 15.30 цагт хүлээн авсан. Тус сумын 5 дугаар багийн ажилтнууд, орон нутгийн иргэд 10:02 цагт очиж 1:08 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top