1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар их төлөв зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Буянт” голын усанд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 4 км-т/ хүүхэд осолдсон тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:43 цагт осолдсон газраас зүүн хойд зүгт 5 км-т Е /3 настай, эмэгтэй/-ийн цогцсыг усны мандал дээр хөвж байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд Тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид “Баянзүрх хайрхан”-ы баруун талаас “Баянзүрхийн гүүр”, “Төмөр замын гарам” хүртэл завьтай 5 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 2 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Үзэсгэлэнт горхи” амралтын газрын хойд талд Иргэд “Туул” голын усанд боогдож гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 09:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 58 км замыг туулан 10:00 цагт очиж, “Туул” голын усанд боогдсон 9 хүүхэд, 40 том хүн, нийт 49 хүнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргасан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Хар-Усны дохио” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км-т, сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Тус багийн малчин А, Архангай аймгийн харьяат туслах малчин Б/26 настай, эрэгтэй/ нар 08.03-ны өдрийн 17:00 цагийн орчим сумын төвөөс гэр рүүгээ “Пробокс” загварын суудлын автомашинтай явах замдаа согтууруулах ундаа хэрэглэж “Хурх”-ын голд шаварт суугаад гарч чадахгүй унтсан бөгөөд 08.04-ний өдрийн 04:00 цагийн орчим Б байхгүй байсан тухай мэдээллийг 08.04-ний өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 08.04-ний өдрийн 12:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:57 цагт шаварт суусан газраас баруун зүгт 3 км-т “Хар-Ус” гэдэг газар “Хурх-ын голоос иргэн Б-ийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
3.Мэдээлэл:
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн “2 дугаар хороо” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун баруун зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 1 км-т/ Иргэн Д-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 08.04-ний өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Саруулмөнх аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар-Усан тохой” гэдэг газар “Туул” голын усанд хүний цогцос хөвж байна гэсэн мэдээллийг иргэн М-аас 08.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид дүүргийн “Могойт дэнж” гэдэг газраас “Баянзүрхийн гүүр” хүртэл завьтай 20 км-т урсаж, 3-4 метрийн гүнд 8 удаа шумбаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 түр зогсоосон. 08.05-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР