1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийслэл Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 7-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлж, дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллийн дагуу 08.02-ны өдөр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 08.05-ны өдөр ар гэрийнх нь дахин хүсэлт гаргаснаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 28 хүн, 2 автомашин, 10 морьтойгоор “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс “Арьяабалын сүм” хүртэл явганаар болон автомашинтайгаар 80 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 20:00 цагт түр зогсоогоод байна.
Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, 1 дүгээр баг “Ганга нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т 25 настай эрэгтэй, иргэн Д 08.04-ний өглөөний 04:00 цагт гэрлүүгээ гараад сураггүй болсон дуудлагыг 08.05-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус сумын 30 иргэн, 1 автомашин, 15 мотоциклтой 08.05-ны өдрийн 06:00 цагаас “Ганга нуурын хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 22 км-т/ эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 20:50 цагт түр зогсоосон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Сонсголонгын гүүрнээс усаар завьтай 81 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 15 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.06-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
3.Бусад:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 16 дугаар хороо 1 дүгээр хороолол 32-н буудлын хойд талд Гараашийн завсар 2 хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 09:27 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 09:38 цагт очиж иргэн Ц /41 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар гараашийн завсар хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар-Усан тохой” гэдэг газар “Туул” голын усанд хүний цогцос хөвж байна гэсэн мэдээллийг иргэн М-аас 08.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 түр зогсоосон. 08.05-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Баянзүрхийн гүүр”-нээс “Бэл” амралт хүртэл завьтай 97 км-т урсаж, 20 удаа шумбаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:04 түр зогсоосон. 08.06-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР