Г.Ариунбуян: Онцгой байдлын алба хаагчдын амь насны даатгалыг нэмэгдүүлэх шаардлагатай

8d3c837e9cbc2606daea2332d801ae06e54c3402.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та хэзээнээс онцгой байдлын салбарт ажиллаж эхлэсэн бэ?

-Энэ өдрийн амгаланг айлтгая. Онцгой байдлын байгууллагатай ажил амьдралаа холбоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ албатай амьдралаа холбосон хугацаагаа ховорхон, давтагдашгүй хугацаа байжээ. 2005-2012 онд орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байх үедээ дүүргийн онцгой комиссын үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, тэдгээрийн бэлтгэл бэлэн байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, сургалт зохион байгуулалт гээд энэ талаар ойлголт, мэдэгдэхүүнтэй болсон. Үүний дараа тухайн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах чиглэлийн команд штабын сургууль, иж бүрэн сургууль, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцож байсан. Нутаг дэвсгэрт болж байгаа үер усны аюул, ой хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож, удирдлага зохион байгуулалтаар хангаж, дэмжлэг үзүүлж ажиллаж байсан. 2014 онд хамтарсан Засгийн газар байгуулахад одоогийн Ерөнхий сайд тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан. Тэр үед Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оны нэгдүгээр сараас ОБЕГ-ын Дэд даргаар томилогдож өнөөдрийг хүртэл салбартаа ажиллаж байна.

-Таныг онцгой байдлын салбарт байгаа гуравхан генералын нэг гэж дуулсан юм байна?

-Онцгой байдлын байгууллагын үндэс суурийг тавьсан тулгын чулуу болох гурван байгууллага байдаг. Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэж гурван байгууллага байсан. Эдгээр байгууллагууд тухайн үедээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, ард иргэдийг сургаж, дадлагажуулах, гал түймэртэй тэмцэх, гамшгийн дараа хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж байсан ийм байгууллагууд байсан. Гал түймэртэй тэмцэх газар бол 1922 онд байгуулагдсан олон жилийн түүхтэй байгууллага. Энэ байгууллагаас төрөн гарсан Хошууч, генерал О.Отгонжаргал, Л.Гарамжил гэж хүмүүс бий. 1964 онд байгуулагдсан Улсын иргэний хамгаалалтын газраас Хошууч генерал Равдан, Мижид, Цэрэндорж, Лхагвасүрэн, Махбариад, Дэслэгч генерал Түмэндэмбэрэл гээд хүмүүсийг дурдаж болно. Хамгийн сүүлд онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд орохоос өмнө Иргэний хамгаалалтын газар ажиллаж байсан Хошууч генерал Сүндэв гэж хүн байдаг.

Онцгой байдлын байгууллага 2004 онд Засгийн газрын нэгдүгээр тогтоолоор байгуулагдахад Ерөнхий газрын даргаар Хошууч, генерал П.Даш томилогдож байсан түүхтэй. Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдаад энэ гурван байгууллага нэгдсэн тогтолцоонд ороод 16 жил өнгөрч байна. Энэ хугацаанд онцгой байдлын байгууллагаас төрсөн гурван генерал бий. Анхны генерал нь Хошууч генерал Т.Бадрал, удаах нь миний бие, гуравдахь генерал нь Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бригадын генерал Т.Энх-Амар нар юм.

-Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд үед онцгой байдлын салбарыг удирдахаар боллоо. Цаашид салбартаа ямар өөрчлөлт шинэчлэл хийхээр зорьж байна вэ?

-Онцгой байдлын байгууллагын чиг үүрэг бол их өвөрмөц. Байгалийн аюулт үзэгдэл, осол гарсан тохиолдолд хүн ардаа авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босголтод дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй. Монгол Улсын Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Хууль эрхзүйн хувьд бүрэн шинэчлэгдсэн. Өөрөөр хэлбэл гамшгаас хамгаалах эрхзүйн тогтолцоо, флатформ өөрчлөгдсөн. 2003 онд Иргэний хамгаалалтын тогтолцооноос гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоонд шилжиж Гамшгаас хамгаалах хуулийг баталж байсан. Үүнээс хойш таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 2015 онд Сендайн хүрээний бичиг баримт, Дэлхийн тогтвортой хөгжлийн баримт бичиг, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр гээд гурван баримт бичиг, дотооддоо бол Монгол Улсын тогтвортой хөгжил 2030 гэсэн үндсэн бодлогын баримт бичгүүдэд тулгуурлаад гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоо руу шилжиж, хууль эрхзүйн шинэчлэлийг хийсэн. Мөн нэр томъёоны хувьд олон улсын хэллэг, агуулгатай ойролцоо болсон. Эрхзүйн хувьд үүнтэй холбогдуулаад УИХ, Засгийн газар, Шадар сайдын төвшинд хэд хэдэн тогтоол шийдвэрүүд гаргаад онцгой байдлын байгууллага бүрэн шинэчлэгдсэн гэж хэлж болно.

Тэгэхээр гамшгаас хамгаалах тогтолцоо маань шинэчлэгдсэнтэй холбогдуулаад байгууллагын үүрэг, цар хүрээ нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хотжилт, үйлдвэрлэл гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад гамшиг ослын давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ нэмэгдэж байна. Манай оронд бол дэлхийд тохиолддог 40 гаруй аюулт үзэгдлээс 10 гаруй нь байгаль цаг уурын болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн осол тохиолддог.

Сүүлийн 15 жилийн судалгаагаар нийтдээ улсын хэмжээнд 45 мянган аюулт үзэгдэл тохиолдож, 2100 гаруй хүн амь насаа алдсан, 13.8 сая толгой мал хорогдож нэг их наяд 30 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа. Онцгой байдлын алба хаагчид маань 12 500 гаруй хүний амь насыг аварч, 237 тэрбум төгрөгийн эд хөрөнгө аварсан. Онцгой байдлын өмнө тавьж байгаа гол зорилт бол нэгдүгээрт, гамшгийн эрсдэлийг бууруулах буюу урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэлээ болгоё, энэ үйл ажиллагааг тогтвортой авч явъя. Аливаа салбарын үйл ажиллагаатай уялдуулъя. Ялангуяа хот суурин газрын төлөвлөлт байгаль цаг уурийн гаралтай гамшиг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах, шинэ шинээр байгуулж байгаа дэд бүтцийн байгууламжуудад эрсдэлийг тооцсон энэ үйл ажиллагаа руу чиглэсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байх ёстой гэж бодож байгаа.

Хоёрдугаарт, дотоод үйл ажиллагаа, өнөөдөр байгаа бүтэц зохион байгуулалтаа тэлэх, нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага гарч байгаа. Өнгөрсөн 2015-2020 онд онцгой байдлын байгууллагын салбар нэгжийн тоо бол 40-өөр нэмэгдсэн байгаа.

Гуравдугаар асуудал бол онцгой байдлын байгууллагад сүүлийн үеийн техник, технологи, инновацийг нэвтрүүлэх нь чухал. Энэ хүрээнд хоёр том зорилт дэвшүүлсэн. Нэг нь бол алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сүүлийн үеийн инноваци нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлээд явж байгаа.

-Онцгой байдлын албанаас цар тахлын үед хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр, урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс өнөөдөр 27 удаа хуралдаад байгаа. Энэ хүрээнд коронавируст халдварыг тархаахгүй байх бүхий л талын боломжийг бүрдүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч явж байна. Онцгой байдлын байгууллагын хувьд бол Улсын онцгой комисст төлөөлөл нь байдаг. Мөн Улсын онцгой комиссоос байгуулсан шуурхай штаб болон аймаг орон нутгийн төвшинд үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлд 530 алба хаагч Ковид-19 тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа. Он гарсаар нийт 44 улсаа 16 мянган 600 иргэнийг татан аваад байна. Одоо бол 55 улсаас 12 мянга 700 иргэн эх нутагтаа ирэх хүсэлтээ гаргасан байна. Тэгэхээр онцгой байдлын алба хаагчид иргэдийг ирэх үед болон авто зам, тусгаарлах байруудад тандалт, хяналт тавих ажил хийж байна. Мөн ариутгал халдваргүйтгэл хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа. Шуурхай штабын тухайд Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах, дэмжлэг үзүүлэхэд манай офицерууд, алба хаагчид ажиллаж байгаа.

-Салбарын хууль эрхзүйн шинэчлэлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Гамшгийн тухай хуульд саяхан нэмэлт өөрчлөлт орууллаа. Яг ямар ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулаад Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл, гамшгаас хамгаалах хуулинд байгаа зарим зохицуулалт нь цар тахалтай тэмцэхэд зохицуулалтуудыг хангахгүй байгаа учраас хуулийг өөрчлөх, эрхзүйн зохицуулалтуудыг тусгах, ялангуяа талуудын харилцаа, эрх үүргийг тодорхой болгох нь чухал болсон. Тухайлбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлэхэд аймаг орон нутаг, аж ахуйн нэгж байгууллагын төвшинд хэсэгчилсэн байдлаар хэрхэн шилжүүлэх вэ гэдэг нэр томъёоноос эхлээд тодорхой болгох асуудлууд тавигдсан байгаа. Хоёрдугаарт нь өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих, хөл хорио тогтоох, хилийн хөдөлгөөнийг хязгаарлах үед хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа учир энэ асуудлыг хуульд нийцүүлэх замаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн байгаа. Гуравдугаарт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын эрх үүргийг илүү тодотгож өгсөн. Урд нь бол Улсын онцгой комиссын үйл ажиллагаа зөвхөн ажиллах журмаар зохицуулагдаж байсан бол үүнийг хуульчилж өгсөн нь онцлог байгаа юм. Мөн засгийн газрын эрхийн асуудлыг нэмэгдүүлсэн, дээр нь иргэний хүлээх үүрэг, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг, хариуцлагын механизмыг илүү тодорхой болгож өгснөөрөө онцлогтой байгаа. Гамшгаас хамгаалах хуульд орсон маш чухал зүйл нь бол манай онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг тодорхой хэмжээгээр сайжруулсан зүйл заалт орсон. Ялангуяа онцгой нөхцөл байдлын нэмэгдлийн хэмжээг 10 хувиар нэмэх, алслагдсан сум суурийн газарт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч тухайн аймаг орон нутгийн харьяалалгүй бол үндсэн цалингийн тодорхой хувиар урамшуулал олгох,  мөн хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагчид олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх гэх мэт зохицуулалтыг тусгаж өгснөөрөө их ач холбогдолтой хууль болсон гэж хэлж болно.

-Онцгой байдлын салбарын хүний нөөц, алба хаагчдын тухайд хэрхэн анхаарч байна вэ. Нэг үеэ бодвол энэ албанд ажиллах сонирхолтой залуус олон болсон байна?

-2012 оноос эхлээд Дотоод хэргийн их сургуулийн дэргэд Онцгой байдлын сургуулийг байгуулаад гамшгаас хамгаалах мэргэжлээр, мөн аврагч, гал сөнөөгч, тусгай зориулалтын автомашины жолоочоор богино хугацааны сургалт, тусгай хөтөлбөрөөр алба хаагчдаа бэлтгэж төгсгөж байгаа. Ер нь бол жил ирэх тусам онцгой байдлын салбар нэгжийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүний нөөцийг нэмэгдүүлэх, дээр нь алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа. Ер нь бол аливаа байгууллагын гол тулгуур цэг бол алба хаагчид байдаг. Тийм учраас удирдлагын зүгээс албан хаагчдынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх асуудлыг чухалчлан авч үздэг. Жил бүр дотоод болон гадаадын урт богино хугацааны сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж ирлээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хүний нөөцийн чадавх 28 хувиар өссөн байна. Энэ бол анги байгууллагууд салбар нэгж нэмэгдсэнтэй холбоотой. Мөн дээр нь цалин хөлс 35 хувиар нэмэгдсэнтэй холбоотой. Хүний нөөцийг сургаж бэлтгэх үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна.

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэ техник технологи, инноваци нэвтрүүлэхийг зорьж байна гэлээ. Тэгвэл яг өнөөдөр ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн хувьд бусад улстай харьцуулахад ямар төвшинд байна вэ?

-Гал унтраах зориулалтын автомашин тоног төхөөрөмжийн хангалт 70 хувьтай, багаж, техник, тоног төхөөрөмжийн хангалт 45 хувьтай, албан хаагчийн тусгай хувцас хэрэглэлийн хангалт 30 хувьтай байна. Гэхдээ энэ бол чамлахаар үзүүлэлт биш. Мэдээж дутагдаж байгаа гол асуудлуудад бид голчлон анхаарч байна. Ялангуяа холбооны зарлан мэдээллийн системийг өргөтгөх асуудал байгаа. Энэ чиглэлээр Азийн хөгжлийн банктай нийт гурван сая ам.долларын зарлан мэдээллийн тогтолцоо, холбооны бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл аюулт үзэгдэл болохоос өмнө орон зайн мэдээллийн системийг ашиглаад ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөх, нөгөө талаас албан хаагчдын хувийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ажиллаж байна. 

-Улирлын чанартай тохиолддог гамшиг ослуудын тухайд албаныхан ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Жишээ нь зуны улиралд үер усны осол олноор гардаг шүү дээ?

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор аюултай үзэгдлийн тоо давтамж нэмэгдэж байна. 1940 оноос хойш цаг агаарын дундаж температур улсын хэмжээнд 2.1 хувиар нэмэгдсэн. Бусад бүх нутгуудтай харьцуулахад их өндөр эрчимтэйгээр дулаарал явагдаж байгаа нь ажиглагдаж байна. Сүүлийн 30 жилийн судалгааг авч үзвэл, 1989-1998 онд жилд тохиолдох үерийн тоо 15 байсан бол 1999-2008 онд жилд тохиолдох үерийн хэмжээ 40 болж, сүүлийн 10 жилд энэ тоо 96 болж өссөн байх жишээтэй. Хэдийгээр үерийн гамшиг нь нийт тохиолдох аюулт үзэгдлийн хоёрхон хувийг эзэлж байгаа ч үер болон усны ослоор нас барж байгаа хүний тоо 50 хувийг эзэлж байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд усанд осолдсон 79 тохиолдол бүртгэгдсэн, албан хаагчид 89 хүний амь насыг уснаас аварсан байгаа. Тэгэхээр 79 иргэн санамсар болгоомжгүйн улмаас амь насаа алдсан байгаа юм. Үүний 19 нь бага насны хүүхэд байгаа. Тэгэхээр мэргэжлийн байгууллагаас өгч байгаа цаг уурын мэдээ мэдээллийг байнга хүлээн авч, үүнд ажил амьдралаа зохицуулах, гол усны орчимд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, баталгаат зам гүүрээр гарах, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг дагаж мөрдөх нь чухал байна.

-Иргэд олон нийт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын албаны ажил мэтээр хүлээж авдаг. Гэхдээ гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал байх?

-Тийм ээ. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын байгууллага, төр засгийн ажил бол биш л дээ. Үүнд бол иргэд олон нийтийн оролцоо чухал байдаг. 2015 онд Монгол Улсын засгийн газраас олон нийтийн оролцоо гамшгаас сэргийлэх хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд рүү чиглэсэн олон төрлийн дадлага сургууль зохион байгуулж ирсэн. Жил бүр 3-4 аймагт иж бүрэн гамшгаас хамгаалах сургууль зохион байгуулж байна. 4-5 аймагт команд штабын сургалт зохион байгуулдаг. Энэ сургууль дадлагын үеэр иргэдэд гамшгаас хамгаалах зан үйлийн ойлголт өгөх, урьдчилан сэргийлэх тал дээр ажиллаж байна.

Мөн оюутан сурагч, хүүхдүүдэд зориулсан сургалтыг боловсролын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлж байгаа. 2018 онд “Аюулгүй амьдрах ухаан-Үндэс” хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсролын яамтай хамтраад хэрэгжүүлж байгаа. Их дээд сургуулийн төвшинд “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлүүд орж байгаа. Ер нь бол гамшгаас хамгаалах ойлголт мэдлэгийг түгээх, ул суурьтай мэдлэг чадавхтай болох үндэс суурь нь бага наснаас эхэлж өгөх нь чухал байдаг гэдэг нь практикаас харагдаж байгаа.

-Салбартаа ажиллаж ирсэн хүний хувьд алба хаагчдад тулгарч буй асуудал бүхнийг мэддэг байх. Амь өрссөн үүрэг гүйцэтгэдэг энэ албаны нийгмийн асуудал өндөр байх ёстой гэж боддог. Та цаашид энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Онцгой байдлын алба хаагч нар хүнийг аврах үйлсэд зүтгэхдээ өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх бүх л мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Гэхдээ болзошгүй осолд өртөх тохиолдол байдаг. Сүүлийн арван жилийн хугацаанд 190 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа хөнгөн болон хүнд хэлбэрээр бэртэж гэмтсэн асуудал байгаа. 46 хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол байна. Тэгэхээр бид үүрэг гүйцэтгэх үед хувцас хэрэглэлээр хангах, аюулгүй ажиллагааны журмыг мөрдлөг болгох асуудал чухал байгаа. Монгол Улсынхаа төлөө зүтгэе гэдэг тангарагтаа үнэнчээр өглөө гэрээсээ гараад хэзээ ч ирэхгүй дуудлагаар явах тохиолдол гардаг учраас албан хаагчдын нийгмийн асуудал маш чухал. Тийм учраас эрхзүйн орчныг сайжруулах замаар нийгмийн асуудлыг шийдвэрлэж байна. Хоёрдугаарт нь амь насны даатгалын асуудал байна. Солонгос улсад гэхэд онцгой байдлын алба хаагчийн амь насны даатгал 80 мянган ам.доллар бол ОХУ-д мужлалаасаа хамаараад 35-45 мянган ам.доллараар амь насыг нь үнэлж даатгадаг. Манай улсад аврагч гал сөнөөгч бол 35 сая төгрөг, офицер бүрэлдэхүүн бол 25 сая гэсэн үзүүлэлттэй байгаа. Үүнийг цаашдаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа. Мөн албан хаагчдын нийгмийн баталгааны нэг чухал зүйл бол орон сууц байгаа. Хамгийн сүүлд гэхэд хүнд эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг 100 алба хаагчийг орон сууц түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамрууллаа. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх зорилт тавиад ажиллаж байна.

Мөн аврах гал унтраах ангийн байршил дээр хямд төсөр өртгөөр орон сууц барих хөтөлбөрийг 2014 оноос эрчимтэй явуулж ирсэн. Энэ хугацаанд нийт 560 гаруй албан хаагч орон сууцанд орсон байгаа. Одоо Баянзүрх дүүрэгт “Онцгой хотхон” ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Нөгөө талаас гамшгийн голомтод үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг нөхөн сэргээх, сэтгэлзүйн засал, эмчилгээ үйлчилгээнд хамруулах асуудал чухал. Онцгой байдлын газрын давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар анги гэж бий. Энд жилийн тогтмол улиралд албан хаагчдаа ээлж дараатайгаар амраах сувилуулах, ослын дараах нөхөн сэргээх үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байгаа. 

-Онцгой байдлын алба бол бусад хүчний байгууллагуудтай харьцуулахад маш залуухан алба шүү дээ. Хэдий тийм боловч нийгмийн үнэлэмж маш өндөр байгаа гэж хардаг. Таны хувьд энэ салбараа хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Онцгой байдлын байгууллага бол олон түмний төлөө авралын гараа сунгасан, гамшиг осол тохиолдсон хүн болгонд хүрч очъё гэсэн дүрэлзсэн ийм алба гэж боддог. Ариухан үйлстэй буянтай алба. Багахаан буюу 16-хан нас тохиож байгаа боловч буурал түүхтэй олон байгууллагатай эн зэрэгцээд хөгжиж байгаа нь бахархам сайхан санагддаг. Гэхдээ би салбараа үнэлж дүгнэхээс илүүтэй олон нийт, ард иргэд үнэлж дүгнэх байх. Гэхдээ энэ амжилтад хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж боддог. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, энэ салбарыг чадавхжуулахад анхаарч ажилласан үе үеийн засгийн газар, дээр нь гадаад дотоодын түншлэл, хамтын ажиллагааны байгууллагууд, иргэд олон нийтийн хүчин чармайлтын үр дүнд энэ салбар хөгжиж ирсэн гэж хэлмээр байна. Энэ завшааныг ашиглаад онцгой байдлын байгууллагыг бүх талаар дэмжиж тусалж ирсэн бүх байгууллага, хамт олон иргэддээ талархал дэвшүүлж байна.

Эх сурвалж: https://zindaa.mn/3c5x

scroll to top