Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалт улам боловсронгуй болж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалт илүү тодорхой болсон

-1.jpg

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар батлуулсан. Хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнхтэй ярилцлаа.

Гамшгаас хамгаалах тухай хууль бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамаатай, төр, засгийн байгууллага, удирдлагаас эхлээд аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, сайн дурынхан, иргэдийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаа,  эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тогтоож өгснөөрөө онцлог хууль. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, нийгмийн хэрэгцээ, шаардлага байсан учраас нэмэлт, өөрчлөлт оруулсан нь мэдээж. Эндээс ярилцлагаа эхлэе гэж бодож байна?

 – Гамшгаас хамгаалах тухай хууль анх 2003 онд УИХ-аар батлагдсанаар  Монгол Улс иргэний хамгаалалтаас гамшгаас хамгаалах менежментийн үзэл баримтлалд шилжих, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, үндэсний болон орон нутгийн гамшгаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, өнөө цагийн Онцгой байдлын байгууллагыг бий болгож бэхжүүлэх үндэс суурийг тавьсан.

Тус хууль өнгөрсөн 17 жилийн хугацаанд нийт 5 удаа нэмэлт өөрчлөлт орж, 2017 онд шинэчлэн батлагдсан хэдий ч манай улсад тохиолдох гамшиг, ослын нэр төрөл, хамрах цар хүрээ, нийгэм, эдийн засагт учрах эрсдэл нэмэгдэж байгаа нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн зохицуулалтын хүрээг өргөжүүлэх, шаардлагатай зохицуулалтыг хуулинд оруулах шаардлага бий болсон.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойш Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон бусад төрийн тусгай чиг үүрэг бүхий салбарын хуулиуд шинэчлэгдсэн нь Гамшгаас хамгаалах тухай хуулийг эдгээр хуулиудтай нийцүүлэх шаардлага үүссэн.

Түүнчлэн дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавируст халдварын цар тахлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэл нэмэгдэж байна. 

Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоолоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улсын хэмжээнд тусгай дэглэм тогтоон, жагсаал, цуглаан, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах, цуцлах, хориглох, улсын хилийн боомт, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас иргэдээ татан авч тусгаарлах,  өвчилсөн иргэдийг эмчлэх, нөхцөл байдлын мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар иргэдэд хүргэх зэрэг арга хэмжээг авч  байна. 

Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаагаас төрөл бүрийн хүндрэл бэрхшээл тохиолдож, иргэдийн зүгээс гомдол, санал ихээр гарах болсон.

Иймд учирч болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

– Хуулийн 37 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон байна. Голлох заалтуудыг  дурдаж өгөх нь уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу?

– Дээр дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд 2 зүйл, 26 хэсэг, 42 заалтыг шинээр нэмж, 23 хэсэг, 22 заалтыг өөрчлөн найруулж, 9 хэсэг, 5 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, утгын хувьд давхардсан 4 хэсэг, 1 заалтыг хүчингүй болгосноор тус хуулийн 37 хувьд нь өөрчлөлт орсон. Тухайлбал:

1. Хуулийн 4 дүгээр зүйлд “гамшгийн онцгой нөхцөл байдал”, “гамшгаас урьдчилан сэргийлэх”, “хүмүүнлэгийн тусламж”, “хорио цээр”, “хязгаарлалтын дэглэм”, “бэлэн байдал” гэсэн 6 нэр томъёог шинээр нэмж, зарим нэр томъёог өөрчлөн найруулсан.

2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн  байдлын зэрэгт “бүрэн” болон “хэсэгчилсэн байдлаар” шилжүүлэх ойлголтыг 11 дүгээр зүйлд шинээр тодорхойлж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бусад хууль тогтоомжоор зохицуулаагүй нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг 10 дугаар зүйлд  шинээр нэмсэн. 

3. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарладаг. Гэхдээ тухайн шийдвэр нь үндсэн зорилгодоо нийцсэн, тухайн үүссэн нөхцөл байдалд тохирсон,  тодорхой хугацаа, хүрээ, хязгаартай байх, хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх эрх, эрх чөлөө, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөхгүй байх зэрэг хэм хэмжээг хуулинд шинээр оруулж өгсөн. Ингэснээр аль нэг байгууллага, албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд ажиллах, хүний эрхийг хөндөхдөө хуульд заасан хэм хэмжээнд нийцүүлэх болж байгаа юм.

4. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг Засаг дарга тэргүүлдэг байсныг ИТХ-ын дарга тэргүүлдэг байхаар өөрчилсөн. Ингэснээр гамшгаас  хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо, орон нутгаас оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой юм.

5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхийг шинээр нэмж, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед холбогдох асуудлыг шуурхай хэлэлцэж, УИХ, Засгийн газарт чиглэл, зөвлөмж өгдөг байхаар хуулинд тусгасан.

6. Засгийн газрын бүрэн эрхэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтоох, холбогдох хөрөнгийг шийдвэрлэх, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийг дайчлан гаргах шийдвэр гаргах, хууль заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг түр хориглох асуудлыг нэмж оруулсан.

7. Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхийг 271 дугаар зүйлд шинээр нэмж оруулсан. Засгийн газрын 2008 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Улсын онцгой комиссын ажиллах журмаар зохицуулж байсан комиссын эрхийг ийнхүү хуульчилсанаар гамшгийн үед ажиллах онцгой комиссын бүрэн эрх баталгаажиж байгаа юм.

8. Онцгой байдлын байгууллагын салбар нэгжгүй сум суурин газарт гамшгаас хамгаалах асуудлыг ЗДТГ-ын аль нэг албан тушаалтанд хавсран гүйцэтгүүлэх асуудлыг Засаг даргын бүрэн эрхэд шинээр нэмсэн. Энэ асуудал нь Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан хэдий ч одоо болтол хэрэгждэггүй байсан. Ийнхүү хуульд туссанаар сумын түвшинд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах төрийн захиргааны албан хаагчтай болж байна гэсэн үг юм.

9. Гамшгаас хамгаалах чиглэлээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гал түймрийн болон гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг буруутай хуулийн этгээд, иргэн хариуцах асуудлыг тус тус шинээр нэмсэн.

– Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нэлээд олон заалтууд нэмэлт, өөрчлөлтөөр тусгагдсан. Алба хаагчид маань их таатай хүлээн авч байна…

-Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн алба хаасан хугацааг тооцох, онцгой нөхцөлийн нэмэгдэл, алслагдсан аймаг, суманд томилогдон ажиллах алба хаагчид нэмэгдэл олгох, албан үүргээ гүйцэтгэх явцад бэртэж гэмтсэн алба хаагчид нөхөн олговор олгох зэрэг алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой заалтуудыг шинээр нэмсэн. Тухайлбал:

-2017 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулиар Онцгой байдлын байгууллагад ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тооцдог болсон. Тэгвэл энэхүү хугацааг Галын аюулгүй байдлын тухай хууль анх батлагдан мөрдөж эхэлсэн 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор болсон. 

-Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 30 хувиар тооцож олгохоор болсон.

-Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харъяа нэгжид тухайн аймгийн харъяалалгүй алба хаагчийг томилон ажиллуулвал түүнд албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх нэмэгдлийг улирал тутамд олгоно. Ингэснээр тухайн аймаг, суманд томилогдсон алба хаагч ядаж байрныхаа түрээсийн тодорхой хэсгийг төлөх боломжтой болж байгаагаас гадна тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэх юм.

-Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгохоор болсон. Онцгой байдлын байгууллагын ажил үүргийн онцлогоос хамаарч жилдээ 20-30 алба хаагч их бага хэмжээгээр хөдөлмөрийн чадвараа алдаж байдаг. Дээрх заалт шинээр орсоноор хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагч нөхөн олговрын мөнгөөр эмчилгээ, сувилгаа хийлгэн эрүүл саруул болж, эргээд ажил албандаа орох боломжтой болж байгаа юм.

-Мөн байгууллагын захиалгаар суралцсан, онцгой байдлын хүний нөөцийг бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цэргийн цолтой ажилласан, хугацаат цэргийн алба хаасан, онцгой байдлын сургуульд сонсогчоор суралцсан, уул уурхайн аврах албанд ажилласан хугацааг онцгой байдлын байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцох зэрэг алба хаагчийн эрх зүй, нийгмийн баталгааг дээшлүүлэхтэй холбоотой заалтуудыг хуулинд шинээр оруулсан.

-Хуульд нэмэлт өөрчлөлт орсоноор гарах үр дүн, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг хэрхэн харж байгаа вэ.

   Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалт улам боловсронгуй болж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зохион байгуулалт илүү тодорхой болсон.

Мөн алба хаагчдын эрх зүйн байдал тодорхой хэмжээнд дээшлэхээс гадна иргэд, албан тушаалтны гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүлээх үүрэг, хариуцлага нэмэгдэж байгаа. Мэдээж хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах зарим зардал төсөвт нэмэгдэнэ.

Дүгнэж хэлбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд Гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэл нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна.

– Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлагаас гадна Төрийн албаны тухай хууль,  Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг болсон. Ингэснээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хуулиар олгосон эрх, үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд ч Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцдог болж байна шүү дээ…

– Тийм. Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгаас хамгаалах хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Энэ нь төрийн албан хаагч, албан тушаалтантай холбоотой заалт гэж ойлгож болно.

-УИХ-ын хаврын чуулганаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдан гарсан. Тус хуулийг дагаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд гамшгаас хамгаалах хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зөрчсөн хуулийн этгээд, иргэний хариуцлагатай холбоотой томоохон нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тухайлбал:

1. Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр: бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих,

Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болсон.

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр болсон.

2. Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр: гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Гамшгаас   хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэхээр болсон.

Иймд төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдлага, ажилтан албан хаагч, иргэд гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сайтар судалж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай болж байна.

– Онцгой байдлын байгууллага, алба хаагчид орон нутгийн түвшинд Гамшгаас хамгаалах хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг иргэд, олон нийтэд сайтар сурталчлан таниулах шаардлага үүсч байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгсөн танд баярлалаа.

scroll to top