1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.13-ны өдөр 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс “Тэнгэрийн элч” амралтын газар, “Мянган ламын агуй”, “Баянцагааны даваа” гэдэг газар хүртэл 28 км-т явган болон автомашинтай, “Тэрэлжийн шинэ гүүр” гэдэг газраас “Баянзүрх хайрхан”-ы ар болон өвөр талаар “Туул” голоор 6 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.13-ны өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 08.14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.13-ний өдөр ““Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Сонсголонгийн гүүр”, “Маршалын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр” хүртэл 118 км-т завьтай урсаж, 20 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 08.14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А /40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын болон Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар хоёр бүлэгт хуваагдаж, 08.13-ны өдөр тус багийн “Байдасын гарам” гэдэг газраас зүүн урд зүгт Баян-Адарга сумын “Хайлааст” гэдэг газар хүртэл “Онон” голын эрэг дагуу явганаар болон голын усаар завьтай 45 км-т урсаж, 3 метрийн гүнд 4 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 08.14-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голын эрэг дээр 5 хүн амарч байгаад иргэн Б /30 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.13-ны өдрийн 11:00 цагт иргэн Б-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 50 км-т тус аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Хутаг-Уул” гэдэг газар “Хэрлэн” голын мандал дээр хөвж байсныг олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.
Төв аймаг, Өндөрширээт сум. Баянтуул багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 197 км-т/ “Туул” голын эрэг дээр 6 хүн амарч байснаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Л /26 настай, эрэгтэй/ голын усанд живсэн тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.13-ны өдрийн 11:50 цагт иргэн Л-гийн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт 28 км-т Уянга багийн “Таван нуурын булан” гэдэг газраас “Туул” голын мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.
Төв аймаг, Заамар сум: Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 226 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 08.13-ны өдрийн 13:40 цагийн орчим “Туул” гол руу нэр, хаяг, нас тодорхойгүй эрэгтэй хүн орох гэж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид “Туулын гүүр”-ээс голын эрэг дагуу 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:05 цагт түр зогсоосон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 58 км замыг туулан мөн өдрийн 23:50 цагт очсон. 08.14-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Шаварт суусан: Дорноговь аймаг, Даланжаргалан сум. Өнгөт багийн “Шар хоолой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 151 км-т, Айраг сумаас хойд зүгт 33 км-т/ тус аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын эзэмшлийн 61-79 УБН улсын дугаартай “Хово” загварын автомашин тогтоол усанд суусан тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд очиж, Хэнтий аймгийн харьяат иргэн Ц /33 настай, эрэгтэй/, Дорноговь аймгийн харьяат иргэн Б /70 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймаг, Сайншанд сум. Шинэ-Ус багийн ”Бариадын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 73 км-т/ тус аймгийн Дэлгэрэх сумаас Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-ын эзэмшлийн 24-72 ДГО улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ шаварт суусан тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 05:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 73 км замыг туулан 09:30 цагт очиж, 40 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР