1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. Өдөртөө 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд зүүн хагаст, 21-нд өмнөд хэсгээр хална.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүрэг. 24 дүгээр хороо, “Магнул капитал” ХХК-ийн хүнсний үйлдвэрийн гал тогоонд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:29 цагт очиж, тус үйлдвэрийн 8×10 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөний агааржуулалтын хоолой болон таазны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймаг, Хархорин сум. Вангийн-Овоо багийн Луваанжалгын 2 дугаар гудамжны 12 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 00:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 00:13 цагт очиж, иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.13-ны өдөр 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс “Тэнгэрийн элч” амралтын газар, “Мянган ламын агуй”, “Баянцагааны даваа” гэдэг газар хүртэл 28 км-т явган болон автомашинтай, “Тэрэлжийн шинэ гүүр” гэдэг газраас “Баянзүрх хайрхан”-ы ар болон өвөр талаар “Туул” голоор 6 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.13-ны өдрийн 21:10 цагт түр зогсоосон.
Нурангиас /эрэн хайх, аврах/: Хэнтий аймаг, Батноров сум. 7 дугаар багийн нутаг “Бэрх тосгон” /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, Бэрх тосгоноос зүүн урд зүгт 3 км/-д иргэн А-ийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан, нэмэлтээр Уул уурхайн аврах ангийн нэг бүлэг, Ашигт малтмал, газрын тосны газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Бэрх тосгоны Засаг даргын Тамгын газар, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн ажилтнууд ослын газарт ажиллаж байна.
Агааржуулалтын босоо ам битүүрч нурсан шороо, чулууг цэвэрлэн 18.5 м3 нуралыг зайлуулсан. Модоор болон төмрөөр бэхэлгээ хийж нурал үүссэн хэсэгт 4.8 метрийн урттай ахилт хийж, бэхэлгээ тавьсан. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын 1 алба хаагч, Уул уурхайн аврах ангийн дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар 08.15-ны өдрийн 16:38 цагт ослын газарт очсон.
08.14-ний өдрийн 20:30 цагаас эхлэн аврагчдыг 2 бүлэгт хуваан 4 цагаар тасралтгүй сэлгэн ажиллаж байна. Тус цоонгийн агааржуулалтын босоо амны 30.4 м3 буюу 60 тн нуранги шороо, чулууг газрын гадарга дээр гаргаж зайлуулан бэхэлгээ хийж нурал үүссэн хэсэгт 9.1 урт/м-ийн бэхэлгээ тавьсан. Уурхайн 35 метрийн гүн босоо аманд 24 метр хөндлөн малталт хийж иргэн Б-ийг 08.16-ны өдрийн 10:55 цагт 38 цагийн дараа эсэн мэнд олж гарган Сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Биеийн байдал тогтвортой байна. Мөн 08.17-ны өдрийн 04:15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нурангин дороос олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 100 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.17-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08.16-ны өдрийн 08:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 100 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны харалдаа, “Туул” голоос нэр, хаяг тодорхойгүй, усанд удсан байдалтай 40-50 орчим насны эмэгтэй хүний цогцсыг мөн өдрийн 16:55 цагт, тус дүүргийн 12 дугаар хороо, Сонгины амралтын зүүн талд “Ногоон булаг” гэдэг газраас нэр, хаяг тодорхойгүй, усанд удаж ялзарч муудсан эрэгтэй хүний цогцсыг мөн өдрийн 18:55 цагт тус тус олж гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.17-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэнгэрийн энерги” амралтын газрын баруун талд 3 хүн “Туул” голыг явганаар гатлаж яваад нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 21 байрны 476 тоотод оршин суугч иргэн С /21 настай, эрэгтэй/ голын усанд урсаж, осолдсон тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 18:43 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.16-ны өдрийн 09:12 цагт осолдсон газраас нь баруун зүгт 3 км-т “Бүдүүн чулууны гарам” гэдэг газраас иргэн С-ийн цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймаг, Биндэр сум. Дэлгэрхаан багийн 3 дугаар гудамжны 12 тоотод оршин суух иргэн А/40 настай, эрэгтэй/ үхэр тууж мориор “Онон” голыг гаталж байгаад живсэн тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08.16-ны өдрийн 14:30 цагт иргэн А-ын цогцсыг осолдсон газраас зүүн урд зүгт 35 км-т тус аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Цагаан-Ус” гэдэг газар “Онон” голын бургасанд тээглэсэн байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.
Архангай аймаг, Өгийнуур сум. Өгийнуур багийн “Мэргэн шанаа” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур сумын чиглэлд 7 хүн, 2 автомашинтай аялж явсан иргэдээс нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Г/24 настай, эрэгтэй/ 08.16-ны өдрийн 19:05 цагийн орчим “Өгий нуур”-д сэлж байгаад осолдсон тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид 150 км замыг туулан 08.17-ны өдрийн 01:40 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:05 цагт “Өгийнуур”-ын зүүн эргээс 30 метрт, 3 метрийн гүнээс иргэн Г-ын цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Төв аймаг, Заамар сум: Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 226 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т 08.13-ны өдрийн 13:40 цагийн орчим иргэн С/38 настай, эрэгтэй/ “Туул” гол руу ороод гарч ирээгүй тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.
Тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08-16-ны өдөр “Бетон гүүр” гэдэг газраас “Төмөр гүүр” гэдэг газар хүртэл “Туул” голын эрэг дагуу 30 км-т явганаар болон автомашинтай, голын усаар завьтай 25 км-т урсаж, 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 08.17-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
3. Зам, тээврийн осол:
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 12 дугаар хороо, Мод үржүүлгийн газрын хажууд Зам тээврийн осол гарч автомашин дотроос хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 12:09 цагт очиж, нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 78-08 УБС улсын дугаартай “Мерседэс Бенз” загварын суудлын автомашин жолоодож явахдаа урсгал сөрж, Хан-Уул дүүргийн 15 хорооны харьяат иргэн Э /37 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан 68-53 УНК улсын дугаартай “Тоёота Тесо” загварын суудлын автомашиныг мөргөсний улмаас нас барсан байсан тул цогцсыг гаргаж, нийслэлийн Тээврийн цагдаагийн газарт шилжүүлж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР