Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Завхан аймгуудын нутгаар бороо орсон. Бусад аймгуудын нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 22-24 градус дулаан байна..

Төлөв байдал:  24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 27-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 26, 27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хороо, “ЭСТО” ХХК-ийн Асфальтын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 07:38 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 07:58 цагт очиж, тус үйлдвэрийн тоос соруулах төхөөрөмж   шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүрэг. 7 дугаар хороо, “Эрүүл монгол хоол Эко” ХХК-ийн махны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 00:00 цагт очиж, тус компанийн махны үйлдвэрийн 37×19 метрийн хэмжээтэй хөргөлтийн хэсгийн дээвэр шатаж шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, Сонсголонгийн 22 дугаар гудамжны 763 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 11:38 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 11:45 цагт очиж, иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. 8 дугаар хороо, Зүүн Тасганы 8 дугаар гудамжны 118/А тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:18 цагт очиж, иргэн Б-гийн 5×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Цагаан-Эрэг багийн 2 дугаар хэсгийн 101 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 00:18 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:23 цагт очиж, иргэн Х, О нарын байшингийн үүдний амбаар, байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 1 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Гэгээн шавь багийн 2 дугаар гудамжны 237 тоотод иргэн О, Б нарын 2 модон амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 04:09 цагт хүлээн авсан.  

Тусаймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.6 км замыг туулан 04:14 цагт очиж, 4 минут ажиллаж унтраасан.

3. Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 18 дугаар хороо, 10 дугаар байрны 4 дүгээр орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 08.22-ны өдрийн 16:12 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд 08.22-ны өдрийн 14:35 цагт иргэн Э /17 настай, эрэгтэй, биеийн 21 хувь түлэгдэлтэй/, З /17 настай, эмэгтэй/ биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд, Э /19 настай, эрэгтэй/ биеийн 50 хувь түлэгдэлтэй/ нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсэний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн. Иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2 гар болон толгой түлэгдсэн, согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С /27 настай, эрэгтэй/ 2 гар, нүүр түлэгдсэн. Эдгээр иргэд нь тус орц руу орж байх үед дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээсэн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.22-ны өдрийн 09:15 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтагбогд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их Хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”,”Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, газраар 40 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 08.23-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ иргэн Ө/33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.22-ны өдөр  2 бүлэгт хуваагдан “Алаг толгой” гэдэг газраас “Согогийн-Ам” гэдэг газар хүртэл “Хөх хөтөл” голоор 16 км-т завьтай урсаж, 3-4 метрийн гүнд 6 удаагийн шумбаж, “Алаг толгой” гэдэг газраас “Акейн шат” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

 Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай“-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.22-ны өдрийн 09:15 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтагбогд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их Хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”,”Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, газраар 40 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 08.23-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн харъяат иргэн А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.22-ны өдрийн 09:45 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны “Мишээл-Экспо” худалдааны төвийн урд талаас “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр” гэдэг газар хүртэл 30 км-т “Туул” голын усаар завьтай, 25 удаа шумбаж, 44 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.23-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын харъяат иргэн А/70 настай, эрэгтэй/, иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.22-ны өдөр  4 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт 62 км-т “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл завиар, 2 болон 3 дугаар бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас хойд зүгт 45 км-т Оросын Холбооны Улсын хил хүртэл 6 удаа буюу нийт 270 км-т завиар урсаж, “Ширэнгийн тохой” , “Мөндөлтийн тохой” , “Өндөр-Эрэг” гэдэг газруудад 3-8 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийсэн. 4 дүгээр бүлэг нь осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 23 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Эрчим багийн “Дэлгэрмөрөн” голд /аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км-т/ хүний цогцос урсаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид эрэн ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:40 цагт тус аймгийн Мөрөн сумын харьяат Г /63 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Дэлгэрмөрөн” голын арал дээрээс олж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top