1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо орно. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 27-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 26-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг. 13 дугаар хороо, “Ногоон талбайн” 6 дугаар гудамжны 12 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.23-ны өдрийн 09:02 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:12 цагт очиж эзэн тодорхойгүй 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3. Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Дархан-Уул аймаг, Орхон сум. Энхтал багийн “Нарийны хөндий” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 15 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ 08.23-ны өдрийн 18:01 цагаас 18:16 цагийн хооронд орсон усархаг, дуу цахилгаантай, аадар борооны улмаас автомашин үерт өртсөн тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 19:11 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан 20:25 цагт очиход Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат иргэн М /49 настай, эрэгтэй/, эхнэр Ц/42 настай, эмэгтэй/, хүү Х/8 настай, эрэгтэй/, охин Н/7 настай, эмэгтэй/-ын хамт “Тоёото кроун” загварын автомашинтай “Нарийны хөндий” гэдэг газраас “Ноёнхонгор” уулын шороон замаар явж байх үедээ үерийн усанд өртөж, шаварт суусныг 15 минут ажиллаж татан гаргасан.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.23-ны өдрийн 10:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их Хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, газраар 50 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.24-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ иргэн Ө/33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.23-ны өдөр “Алаг толгой” гэдэг газраас “Акейн шат” гэдэг газар хүртэл 11 км-т явганаар, “Согог гол”-д усаар 5 км завиар урсаж, 3-5 метрийн гүнд 4 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.23-ны өдрийн 10:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” уулнаас “Баянцагаан”, “Их Хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, газраар 50 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.24-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүрэг. 6 дугаар хороо “Байтаг богд” уулын урд “Туул” голд хүн живж нас барсан байна гэсэн дуудлагыг 15:02 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 15:20 цагт очиж Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд оршин суугч иргэн С/32 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн харъяат А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.23-ны өдрийн 09:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Мишээл Экспо” худалдааны төвийн харалдаагаас баруун зүгт туул голын урсгалын дагуу “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр” хүртэл усаар 30 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 120 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 56 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:40 цагт түр зогсоосон. 08.24-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын харъяат иргэн А/70 настай, эрэгтэй/, иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.23-ны өдөр 4 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Өндөр эрэг” гэдэг газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 62 км-т завьтай урсаж, 2, 3 дугаар бүлгүүд осолдсон газраас хойд зүгт Оросын Холбооны Улсын хил хүртэл 45 км-т 6 удаагийн давтамжтай нийт 270 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, “Ширэнгийн тохой”, “Мөндөлтийн тохой”, ”Өндөр эрэг” гэдэг газруудад 3-8 метрийн гүнд 6 удаа шумбаж, 4 дүгээр бүлэг осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 23 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР