Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Хөвсгөл, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зарим газраар усархаг бороо орно. Салхи 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, бусад хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүрэг. 2 дугаар хороо, 45 дугаар байранд тоотод гал гарч байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 18:24 цагт хүлээн аван.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:27 цагт очиж, тус тоотод иргэн О-гийн халуун тогоо, агааржуулалтын хоолой шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 01:19 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 01:35 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн 3х4 метрийн хэмжээтэй байшин, 2 метрийн урттай хашаа тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, “Эрчим хүчний” гудамж, “Жон бест” авто сургуулийн орчим автобус шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 03:39 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 03:43 цагт очиж, иргэн Ц-гийн эзэмшлийн “BS116” загварын том оврын автобус бүрэн шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. Нарлаг баг дахь 3 дугаар цэцэрлэгийн гал тогооны өрөөнд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:43 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3. Автозамын осол:

Төв аймаг, Эрдэнэ сум. 1 дүгээр багийн “Өгөөмөр”-ын гудамжны автозамын зорчих хэсэгт суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.24-ний өдрийн 19:12 цагт хүлээн авсан.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 25 км замыг туулан 19:48 цагт очиход иргэн С “Приус 20” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад иргэн Ш-ын жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашиныг мөргөж,  Налайх дүүргийн харьяат иргэн Ш /23 настай, эрэгтэй/, иргэн Б /26 настай, эмэгтэй/, А /4 сартай, эрэгтэй/  нар хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж гаргаж, тус дүүргийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

Завхан аймаг, Их-Уул сум. Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 255 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 75 км-т/ Улаанбаатар хотоос тус аймгийн Тосонцэнгэл сум руу 7 тн газ тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу руу унасан тухай дуудлагыг 08.24-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймаг дахь “Дашваанжил” ХХК-ийн салбарын 3 ажилтан мөн өдрийн 15:00 цагт очиж, хамгаалалтад авч аюулгүй байдлыг ханган ажилласан. 

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.24-ний өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам”, “Баянзүрхийн хавцал” гэдэг газар хүртэл 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ иргэн Ө/33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.24-ний өдөр  “Алаг толгой” гэдэг газраас “Согогын гол” гэдэг газар хүртэл 12 км-т “Согог гол”-ын усаар завиар урсаж, 2 метрийн гүнд 3 удаа шумбаж, голын эрэг дагуу явганаар 11 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:05 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Их-Уул багт суух Х /10 настай, эрэгтэй/ 08.24-ний өдрийн 14:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 03:16 цагт хүлээн авсан.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрынхан, ар гэрийнхний хамтаар мөн өдрийн 03:55 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.24-ний өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам”, “Баянзүрхийн хавцал” гэдэг газар хүртэл 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.24-ний өдрийн 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тус дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр” болон “Сонсголонгийн гүүр”-ний дунд хэсэгт “Туул” голын усны мандал дээрээс 12:37 цагт цогцсыг олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын харъяат иргэн А/70 настай, эрэгтэй/, иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.24-ний өдөр  4 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 62 км-т завьтай, 2, 3 дугаар бүлгүүд осолдсон газраас хойд зүгт Оросын Холбооны Улсын хил хүртэл 45 км-т 3 удаагийн давтамжтай нийт 135 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 4 дүгээр бүлэг осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 23 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сант сум. Ивэн багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ Орхон голын усанд сэлж байсан иргэн Г /24 настай, эрэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, А/22 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 15:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги,  Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн  алба хаагчид, ар гэрийнхний хамтаар осолдсон газраас “Орхон сумын төв“ хүртэл 8 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 5 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийж, “Орхоны хясаа” гэдэг газар хүртэл 10 км-т голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:46 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top