Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгав

ee08c5789fe4db745b918c9861acab92.jpg

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

Түүнчлэн нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.

08 дугаар сарын 25-ны байдлаар Монгол Улсад 298 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 289 хүн эдгэрсэн, эмчлүүлж байгаа есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна. Дэлхийн 216 улсад 23.8 сая хүн халдвар авч, 817 мянга гаруй хүн нас барж, 16,4 сая хүн эдгэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын улмаас 60 орчим улс онц байдал зарлаж, 50 улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоосон, хил хаасан хугацаагаа сунгаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

scroll to top