Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар үүлшиж, бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.  Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун болон төв, говийн аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.  23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29, 30-нд нутгийн зарим газраар усархаг бороо орно. Салхи 27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, бусад хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн авто зогсоолд иргэн У-ийн “Ниссан Икстерра” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 07:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3,5 км замыг туулан 07:45 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 11В гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 07:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:49 цагт очиж, иргэн Г-ын 8×5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бүркит багийн “Назар шоп” 40 айлын орон сууцны 3 дугаар давхрын иргэн Э-ын байрны тагтан дээр хөргөгч, угаалгын машин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:23 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орон сууцны 8 хүүхэд, 5 өндөр настныг аюулгүй газарт гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцсийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:30 цагт очиж, иргэн У-ын 3×5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 6 дугаар гудамжинд гараашид хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.4 км замыг туулан 18:23 цагт очиж, 3 цаг 10 минут ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:35 цагт очиж, иргэн Т-ийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн баруун урд булан шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, Ө-49°03’36”, У-101°41’24″/ 08.25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.24-ний өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам”, “Баянзүрхийн хавцал” гэдэг газар хүртэл 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоосон. 08.25-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.24-ний өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулууны гарам”, “Баянзүрхийн хавцал” гэдэг газар хүртэл 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоосон. 08.25-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 4 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 34 км-т завьтай, 2 дугаар бүлэг осолдсон газраас хойд зүгт Оросын Холбооны Улсын хил хүртэл 35 км-т 2 удаагийн давтамжтай нийт 70 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 3, 4 дүгээр бүлгүүд “Өндөр эрэг” гэдэг газраас “Тавтын застав” гэдэг газар 2 сэлүүр завьтай нийт 14 км замыг завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.26-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн “Цагаан-Овоо” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 79 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ “Боргиотын нуур”-ын эрэг дээр 4 хүүхэд тоглож байгаад Б /11 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 35 км замыг туулан мөн өдрийн 19:50 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.26-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top