Я.Содбаатар: Ирэх оны эхний хагас хүртэл хилээ нээхгүй байж магадгүй

.Содбаатар-Засгийн-газрын-гишүүн-Шадар-сайд-810x500-1.jpg

Шадар сайд Я.Содбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцож КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛД:
-Вакцин батлагдвал худалдаж авах, санхүүжилтийн асуудалд ямар бодлого барьж байна вэ. Гаднаас иргэдээ татаж авах тал дээр нөөц бололцоо хэр байна вэ?

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Би Шадар сайдын ажлаа аваад КОВИД-19 халдвартай тэмцэхэд шаардагдахад төсөв мөнгө хэр байгаа талаар ажлын хэсэг байгуулж ажилласан. УИХ-аас мөн Цар тахлын хууль гарсан. Энэ хүрээнд нийтдээ 380 гаруй тэрбум төгрөг хэрэгцээтэй гэж гарсан. Үүнээс хүнсний хангамжтай холбоотой 244 тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлагатай гэсэн дүн гарсан. 244 тэрбум төгрөгөөс ОБЕГ-ын бэлэн байдалтай холбоотой 70 орчим тэрбум төгрөгийг төсвийн бус эх үүсвэрээр шийдэхээр болсон. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ялангуяа эрсдэлийн голомтод ажиллаж байгаа найман байгууллага бий. Эдгээр байгууллагад үүссэн өр мөн нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, материаллаг байдлыг шийдэхтэй холбоотой 130 гаруй тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан. Вакцины тухайд худалдаж авах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн улсуудад туршигдаж байгаа 9 вакцин байгаа. Энэ дотроос манай хоёр хөрш вакцин хийсэн. Тиймээс дипломат харилцааны шугамаар хоёр хөршид хүсэлтээ тавьсан. ОХУ-аас энэ долоо хоногт манай улстай шууд харилцах байгууллагыг нэрлэж явуулна уу гэсэн бичиг надад ирсэн. Удахгүй хариуг нь явуулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Манайхан хэт өөдрөг төсөөлөөд байгаа. Цар тахал ойрын жилдээ үргэлжилнэ гэж гаднын хэвлэлүүдээр мэдээлж байна. Вакцин гарлаа ч гэсэн түүнийг түгээхэд нэг жилийн хугацаа орно. Төсвийн тодотголд хилийн чанадад байгаа иргэдийг татан авах ажилд хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ. Өөрсдөө төлбөрөө төлж чадахгүй иргэдэд ямар тусламж үзүүлэх вэ, хэдэн төгрөгийн төсөв суулгав. Хүйтрэхээс өмнө үлдсэн 15 мянган иргэнээ яаж авчрах юм бэ. Энэ талаарх төлөвлөгөөгөө танилцуулна уу.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Цар тахал хэр удаан үргэлжлэхийг одоогоор мэдэх хүн алга. Ирэх оны эхний хагас хүртэл манай улсын хил гаалын асуудал хүндрэлтэй явах нь гэж төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарын 15-ныг хүртэл сунгасан. Нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй. Дэлхий нийтэд хоёр дахь давлагаа эхэлчихсэн. Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаанд төсөвт мөнгө суугаагүй. Мөн шууд төсвөөс гарч байгаа мөнгө нь маш бага. Иргэдээ гаднаас үе шаттай татаж байгаагийн шалтгаан нь дотоодын эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал дэд бүтцийн нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээ, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан үзэж байгаа. Бүх иргэдээ авчрахыг хүсч байна. Гэхдээ эрсдэлийн үнэлгээгээ тооцож дотооддоо халдварыг алдахгүй байх нь хамгийн чухал. Зарим орнууд хээрийн эмнэлэгт иргэдээ тусгаарлаж дотроо халдвар алдсан тохиолдлууд ч байна. Гэхдээ бид эрчимтэй ажиллаж байна.

Зургадугаар сард 2000 гаруй иргэнийг, долдугаар сард 3000 иргэнээ татаж авсан. Энэ сард 4500 иргэнээ татаж авахаар ажиллаж байна. Таван нөхцлийг хангах иргэдийн тоо нэлээд буурсан. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан гэж бий. Энэ сангийн мөнгө дууссан учраас хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг нэмж өгсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

Гадаад гацсан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр төсөвт суулгуулсан уу. Иргэдийн зүгээс ямар хүсэлтүүдийг тавьж байна вэ. Энэ талаар ГХ-ны сайд хариулт өгнө үү.

ГХ-НЫ САЙД Н.ЭНХТАЙВАН:

Өнөөдрийн байдлаар гаднын 54 оронд манай улсын 12 мянга 400 орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Тухайлбал, БНСУ-д 4540, Австралид 1180, АНУ-д 2433 хүн амьдарч байгаа талаар улс бүрээр тоог нь гаргасан. ГХЯ хилийн чанадад байгаа иргэн бүртээ хүрч ажиллах мөн иргэн бүрийг эх орондоо авчрах ажлыг бүх Элчин сайдын яамдад чиглэл өгсөн. Элчин сайдын яамд 24 цагаар ажиллаж хүссэн гаргасан тухайн иргэн бүрийг хүлээж авч асуудлыг нь шийдэж байгаа. УОК-оос нийт 300 сая төгрөгийн эх үүсвэрийг гаргаж өгсөн. Үүнийг гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдээ татан авахад зарцуулахаар төлөвлөсөн. Гэхдээ мөнгийг бэлнээр олгохгүй. Тийзийг нь хямдруулах эсвэл тухайн орон нутагт амьдрах орон байрыг нь хямдруулах чиглэлд тусламж үзүүлэхээр тусгай журам гарган ажиллаж байна.  Вакцин авахад зориулж 7.8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

Иргэдээ татаж авахад эцэслэн хэний шийдвэрээр баталгааждаг юм бэ.Олон нийтийн дунд дарга нар найз нөхөд, танил талаа авчирч байна гэсэн хардлага их гарч байна. тусгаарлах байрны орчин, хоол унд нь шаардлага хангахгүй байна гэсэн шүүмжлэл мөн их байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. УОК болон Шуурхай штабын гишүүд дотоод, гадаадын зээл тусламжыг үргүй зарцуулсан асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл хэр бодитой вэ.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

Тухайн сард аль улс руу, хэдэн удаа тусгай үүргийн нислэг үйлдэх үү мөн боомтуудаар хэзээ иргэдээ татаж авах уу гэдэг асуудал УОК-ын даргын шийдвэрээр гардаг. Тухайн чартерт ямар иргэд суух вэ гэдгийг Шуурхай штаб гаргадаг. УОК-ын даргын хувьд би ажлаа аваад гурван хоногийн дараа өгсөн чиглэл бол  тухайн иргэн аль онгоцонд суух, нэрс нь орсон эсэхийг шүүдэг байхаар нээлттэй болго гэж чиглэл өгсөн. Гэхдээ тухайн онгоцонд суусан иргэдийн нэрсийг зарладаггүй олон улсын хуультай юм билээ. Тусгаарлах байрыг сонгохдоо холбогдох мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасны дараа шийддэг. Тусгаарлах байртай холбоотой гомдол гарч байгаа нь үнэн. Иргэдийн санал, гомдлын дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Зээл тусламж цаанаасаа зориулалттай ирж байгаа. Түүнийг хэн ч өөрчлөх эрхгүй мөн боломж ч байхгүй. Хандивын мөнгө, зээл тусламжийг ил тод болгосон. Хэн ч ороод харах боломжтой. Нэг ширхэг маск авсан ч, тэрийг хаанаас хэдэн төгрөгөөр авсан нь ил тод харагдана.

Эх сурвалж: news.mn

scroll to top