Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон төв, зүүн, баруун, говийн аймгуудын ихэнх хэсгээр бороо орсон.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:23 цагт очиж, иргэн С-ийн 12х18 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцсийн буудалын дэргэд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 13:15 цагт /хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:24 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 2х7 метрийн хэмжээтэй “Эртний Монгол хуушуур” цайны газар, эд хогшлын хамт шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 04:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 04:27 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн 15 дугаар гудамжинд иргэн М-ын 5 ханатай гэр, эд хогшил 08.27-ны өдрийн 20:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Гүрдорж аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 20:35 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг дарга Э.Насанцогтоор ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж унтраасан.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдрийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т / Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б /42 настай, эрэгтэй/, А /42 настай, эмэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Д /34 настай, эмэгтэй/, А /11 настай, эмэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ нар 08.26-ны өдрийн 12:00 цагийн орчим “Хөх шовх” ууланд жимс түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг  08.27-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид, Орхон сумын Засаг даргын Тамгын  газрын дарга Ч.Цагаанхүүгээр ахлуулсан  орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 20:40 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан Д.Сувд-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газартай холбогдож, тухайн иргэд ууланд төөрч хойд зүгт 15 км-т Булган сумын Булган багийн “Гангат” гэдэг газар нутагладаг малчин Э-ийнд 08.27-ны өдрийн 20:32 цагт эсэн мэнд очсон тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 0.27-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаачид 08.26-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн 1 дүгээр хороо “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 20 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 50 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.27-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны оршин суугч С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж  1 дүгээр бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Орхон-Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 62 км-т завьтай,   2, 3 дугаар бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 4 удаа, нийт 180 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 08.28-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14/А байрны 5 дугаар орцны 4 давхарт гэртээ хүн нас барсан байх болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг цагдаагийн байгуулагаас 08.28-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:19 цагт очиж, аврах олс ашиглан цонхоор ороход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Идэрт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top