Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дугаар байрны 36 тоотод оршин суугч иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2015.12.04-ний өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.05-ны өдрийн цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.05-ны өдрийн 21:40 цагаас эхлэн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр 2015.12.06-ны өдрийн 10:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагаа түр зогсоосон бөгөөд ар гэрийн 30 иргэн, 3 автомашинтай аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн Ар тээлийн Алаг-Үнээт гэдэг газар иргэн Б /46 настай, эрэгтэй/ нь 2015.12.06-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.06-ны өдрийн 23:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 19 иргэн, 2 автомашин, 14 морьтой, нийт 25 хүн, 2 автомашин, 14 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.12.07-ны өдрийн 04:30 цагт гэрээсээ зүүн тийш 1 км орчим зайд жалганд осголтын байдалтай эсэн мэнд байсныг олж сумын хүн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн “Дөчийн зоо” гэдэг газар 57-15 ДУА улсын дугаартай ачааны автомашин, 35-48 ГСА улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2015.12.07-ны өдрийн 00:53 цагт хүлээн авч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, ажиллаж 2015.12.07-ны өдрийн 01:45 цагт цаснаас;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалт багийн Баарангийн даваанд 19-23 ГАҮ, 53-62 ГАҮ улсын дугаартай  суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.12.07-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2015.12.07-ны өдрийн 04:30 цагт цаснаас тус тус татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-н нэг тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн зуслангийн задгайд үйл ажиллагаа явуулдаг “Донж хаус” ХХК-ийн эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.06-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Алтайн” 14 дүгээр гудамжийн 418 тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Цацраг идэвхт болон химийн бодисын осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн “Цэнхэр”-ийн 15 дугаар байрны 3 дугаар орцонд химийн бодис үнэртээд байна гэсэн дуудлагыг 2015.12.06-ны өдрийн 18:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж орцыг агааржуулж, нулимс асгаруулагчийн савыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top