Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, сэрүүсч өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 9 дүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 2-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн 20 дугаар гудамжинд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:34 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 6х12 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан хуваарилах самбар, 6 метрийн урттай цахилгааны утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 17/А гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан, 15:40 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 08.29-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 55 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 90 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.30-ны өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

4.Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат малчин С/28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 08.27-ны өдрийн 00:00 цагийн орчим малчин Н-нхаас малчин Г-д очихоор гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.28-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус  сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд “Үүрийн цагаан” гэдэг газраас “Улаан мод” гэдэг газар хүртэл 10 км-т, “Үүрийн цагаан” гэдэг газраас “Үүрийн” гол хүртэл 1 км-т мориор, “Хар-Ус” гэдэг тогтоол /урт 100 метр, өргөн 40 метр, 3 метрийн гүнтэй/ усны эрэг дагуу завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.31-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хүрээ хотхон”-ын 23 дугаар байрны 3 дугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 06:39 цагт очиж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын шууны хэсгийг хутгаар зүсэж, цонхоор үсэрч болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Ш.Мөнхдөлд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Нийслэлийн Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид 08.29-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Их хуралдай”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” гэдэг газар хүртэл 55 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 90 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.30-ны өдөр цаг агаарын байдлаас шалтгаалж эрэн хайх ажиллагаа явагдаагүй.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С/64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 2 удаа, нийт 90 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:55 цагт түр зогсоосон. 08.31-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Арсай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 273 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумаас Мөрөн сум руу зорчиж явсан Бүрэнтогтох сумын харьяат иргэн Л /57 настай, эрэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /56 настай, эмэгтэй/ нар “Пажеро” загварын суудлын автомашинтай “Арсайн” гол гаталж яваад урсаж, автомашинтайгаа голын дунд хэсэгт суусан тухай дуудлагыг 08.30-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 22:05 цагт тухайн газар руу хөдөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top