1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 6-8-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 6-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Мод-Үржүүлэх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т/ “Од чим наран” сувиллын байр шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:12 цагт, хүч нэмэгдүүлэн тус ангийн 35 алба хаагч, 4 автомашинтай 18:40 цагт очиж, 2 цаг 52 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо,Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.02-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги бясалгалын төв”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 дугаар хорооны “Байтаг богд-Уул” гэдэг газраас “Тэрэлжийн шинэ гүүр” хүртэл 22 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.03-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Үүрийн цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн С /28 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 08.27-ны өдрийн 00:00 цагийн орчим иргэн Н-нхаас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.28-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд 09.03-ны өдөр “Үүрийн цагаан” гэдэг газраас “Хар-Ус” гэдэг газар хүртэл 100 км-т явганаар болон завьтай урсаж, “Хар-Ус” голд 5 метрийн гүнд 6 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон. 09.04-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Тус багийн Засаг дарга Г-д 08.26-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очоод 08.31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус багийн “Бозоот” гэдэг газраас “Далтын даваа” гэдэг газар хүртэл 20 км-т, сураггүй болсон газарт 45 км-ын радист эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 09.04-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.02-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн энерги бясалгалын төв”, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Бүдүүн чулууны гарам”, “Таван салааны гарам”, “Баянзүрх хайрхан” “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 дугаар хорооны “Байтаг богд-Уул” гэдэг газраас “Тэрэлжийн шинэ гүүр” хүртэл 22 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 09.03-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР