Коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр Улсын онцгой комисс /УОК/-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гадаадад гацсан иргэдийн татан авалт, түүний эргэн тойрон дахь цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.
-“Шуурхай штаб” байгуулагдаад хагас жилийн хугацаа болж байна. Та бүхэн энэ хугацааны ажлаа тайлагнаж хуралдлаа. Энэ талаарх мэдээллээр яриагаа эхлэе.
Өчигдөрхөн /2020.09.02/ бид тайлангийн хурлаа хийлээ.
Коронавирусын аюул занал дэлхий нийтийг хамарснаас хойш Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсаар ирсэн. Хэдийгээр хилээ хаасан ч гадаадад суугаа монголчуудаа шат дараатай татан авсаар байгаа шүү дээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд МУ-д коронавирусын анхны тохиолдол зөөвөрлөгдөж орж ирснээс хойш Шуурхай штабын үйл ажиллагаа маш идэвхитэй болсон. Түүнээс өмнө гадаадад байгаа иргэдээ онгоцны буудалд тосож, эрүүл мэндийн тандалт хийгээд, сэжигтэй бол ХӨСҮТ рүү явуулж, бусад иргэдийгээ “гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах” зөвлөмж өгч байсан. Ийм байдлаар эх орондоо ирсэн иргэд, өнөөдрийн “Шуурхай штаб”-ын зохион байгуулалттай татан авалтын дүнд ирсэн иргэдийн нийт тоо 80 орчим мянга байна.
Харин “Шуурхай штаб” байгуулагдаж, зохион байгуулалтад ороод, холбогдох мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад гадаадад байгаа иргэдээ татсан тоо гэвэл 20 315 байна. Үүнээс агаарын 67 удаагийн захиалгат нислэгээр 13 857 иргэнийг, явганаар буюу хилийн боомтуудаар 6458 иргэнээ татан авсан дүн гарч байна.
Өнөөдөр ч /2020.09.03/ 02.00 цагт БНСУ-аас иргэдээ татан авч байгаа нислэг ирнэ. Есдүгээр сарын татан авалтын хуваариа МУ-ын Шадар сайд буюу УОК-ын даргаар батлуулчихсан, ажлаа төлөвлөөд явж байна.
Бид анхлан БНХАУ-ын Ухань хотоос иргэдээ татан авч байхдаа, эхний 200, 300 иргэнээ авч байхдаа нийтээрээ баяр хөөр болж байлаа. Одоо бол бид сардаа 4000 гаруй иргэнээ агаарын захиалгат нислэгээр татан авч байна. Тэр тусмаа долоо, наймдугаар сард энэ тоог эрс нэмэгдүүлсэн. “Зуны улиралд иргэдээ татан авах ажлыг шуурхай зохион байгуулъя” гэдэг бодлого барьсан. Найман сард дэвшүүлсэн зорилгоо ерөнхийд нь биелүүлсэн. Тодруулбал, наймдугаар сард 19 удаагийн захиалгат нислэг үйлдсэн байна. Хамгийн сүүлд АНУ-ын Сиатлын нислэгийг наймдугаар сард төлөвлөсөн боловч цөөн хоногоор хойшлуулж, есдүгээр сарын 2-нд татан авлаа. Ийм дүн мэдээтэй сууж байна.
-Сиатлаас ирсэн оюутнуудын талаар асууя. Нэлээд шүүмжлэл өрнөлөө. Улсын төсвөөр биш өөрсдөө мөнгөө төлөөд ирсэн оюутнууд тусгаарлах байраа солих шаардлага тавьсанг УОК хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, цахимаар хичээл үзэх ёстой оюутнуудыг интернетгүй байранд тусгаарлахаар болсон учраас эсэргүүцэл гарч, цагдаагийн хүч хэрэглээд, гар утсыг нь хураагаад асуудлыг дарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд бичигдэж байна.
Сиатлаас ирсэн 20 гаруй оюутанг бид Тулгат амралтын газарт хүргэсэн. Гэтэл тэнд интернет байхгүй. Оюутнууд цахимаар хичээл үзэх ёстой гэдэг асуудал үүссэн.
Жишээ нь, цахимаар хичээл үзэх ёстой оюутан гэдэг нарийвчилсан судалгааг бид хараахан гаргаж амжаагүй байгаа нь энд жишээ боллоо. Өөрөөр хэлбэл, эх орондоо ирэх хүсэлтийнх нь дагуу асуудлыг шийдээд яваагаа илүү нарийвчлах шаардлага тулгарч байна. Бид бас цаашид анхаармаар юм байна. “Бидний зөв” гэж Шуурхай штаб зөрүүдлэхгүй. Бид алхам тутамдаа үйл ажиллагаагаа засаж сайжруулах бодлого барьж байгаа. Цаашид “цахимаар хичээл үзэх ёстой оюутан” эх орондоо ирж байгаа бол энэ асуудлаа Шуурхай штабт мэдээлж, ойлголцож байх хэрэгтэй байна.
Таны асуултад нэг зүйл гарлаа. “Гар утас хурааж авсан” гээд. Тийм асуудал болоогүй. Болох боломж ч байхгүй. Гар утас хурааж авбал хавьтал болчихно. Цагдаагийн байгууллагын алба хаагч зайнаас цагаан хоолойгоор “Та иргэнийхээ үүргийг биелүүлж, тусгаарлах байранд буух ёстой” гэдэг шаардлагыг л тавьсан. Бодит байдал бол энэ. Тусгай хүчнийхэн очоод, утсыг нь хурааж авсан асуудал болоогүй. Бид тэдгээр иргэдийг шаардлагынх нь дагуу Энхсаран гэдэг буудал руу шилжүүлсэн. Тал талаасаа зөвөөр ойлголцох хэрэгтэй.
-Сүүлийн мэдээллээр эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан хэчнээн иргэн байгаа вэ?
ГХЯ-ны Консулын газраас гаргаж байгаа тоон мэдээллээр хүсэлт гаргасан иргэдийн тоо 10 мянгаас буухгүй байна. Эрчимтэй татан авалтын дүнд энэ тоо нэг хэсэг есөн мянга руу орсон. Бидний тавьдаг таван шаардлагаар ирдэг иргэдийн тоо эрс багассан. Сүүлийн найман сарын нислэгээр ирж байгаа иргэдэд судалгаа хийхэд 68 хувь нь бусад шалтгаанаар ирж байгаа хүмүүс байна. Үлдсэн хувь нь “таван шаардлага”-аар ирж байгаа иргэд гэсэн үг.
-Коронавирус хэзээ дуусах нь тодорхойгүй. МУ ч хэзээ хилээ нээх нь хариултгүй байсаар байна. Урт хугацааны төлөвлөгөө яаж гарч байгаа вэ?
МУ-ын Шадар сайдын барьж байгаа байр суурь бол эх орондоо байгаа гурван сая гаруй иргэний аюулгүй байдал. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд тодорхой хэмжээний хязгаарлалт цаашаа үргэлжилнэ. Ойрын хугацаанд УОК, Шадар сайдаас тодорхой шийдвэр гарах байх. Татан авалт болон эх орондоо ирж байгаа иргэдийн тусгаарлалтын ажил үргэлжилнэ.
Харин дотоодын эдийн засгаа дэмжих тал дээр зөөлөн бодлого барих байр суурьтай байна. Бид дэлхийн нөхцөл байдлыг, тэр тусмаа хөрш орны нөхцөл байдлыг харж байна. Тодруулбал, ОХУ-ын нөхцөл байдал дээрдэхгүй, БНСУ-д өвчний тархалт нэг үе дэгдэж, нэг үе намжих байдалтай хэвээр байна. Энэ бол гадна талын нөхцөл байдал. Ийм байдал шийдвэр гаргалтад бас нөлөөлж байна.
Хэрэв энэ өвчин манай улсад олон нийтийн дунд тархвал маш их хүндрэл учруулна. Тиймээс улс орныхоо эдийн засгийг тогтвортойгоор яаж авч явах вэ, иргэдийнхээ амжиргааг яаж таслахгүй байх вэ гэдэг нь бидний хувьд том эрх ашиг, зорилт. Эрх ашгийн эрэмбэ дараа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тусгаар тогтнолын, үндэстний, улс орны эрх ашиг л шийдвэр гаргалтад нөлөөлнө шүү дээ.
-Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан 69 хүн авлигын асуудлаар өөрсдийгөө шалгуулахаар АТГ-т өргөдөл өгсөн. Уг шалгалтын ажил явагдаж байгаа юу? Тухайлбал та мэдүүлэг тайлбар өгч, шалгуулж байна уу?
АТГ-ын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа байх. 69 гэдэг тоо бол Шуурхай штабт ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагын алба хаагчдын маань тоо юм.
Татан авалттай холбоотойгоор авлига авч байна гэдэг мэдээлэл гараад байгаа учир Тагнуулын байгууллагаас мөн шалгалт хийсэн. Ингээд уг мэдээлэл “тогтоогдоогүй” гэдэг дүнг холбогдох дээд шатны байгууллагад танилцуулсан байна лээ.
-Албан асуултуудын дундуур хувийн чанартай асуулт асуучихъя. Шуурхай штаб байгуулагдсан цагаас хойш буюу хагас жил орчим таны хувьд даргаар нь ажиллаж, өнөөдөрт ирсэн. Мэдээж цаг наргүй, маш их шүүмжлэл дунд ажиллаж байгаа нь хэн бүхэнд харагдаж байна. Ийм үед авлига зэрэг таагүй мэдээлэл гарч, хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?
Эмзэглэх зүйл юу байх вэ. Би өөрөө АТГ-тай хамтарч ажиллахаар бичиг өгч, шалгуулж байгаа болохоор юунд нь эмзэглэх вэ. Явагдах ёстой ажил л явагдаж байна. Айдас алга.
-Шуурхай штаб шүүмжлэлд өртөх бас нэг шалтгаан нь тусгаарлалтын хугацаа 21 хоног байгаатай уялдаад байгаа мэт санагдаж байгаа. Гадаадын бусад орнуудтай харьцуулахад тусгаарлалтын хоног бол урт байгаа. Ер нь 21 хоногийн хугацааг ямар судалгаан дээр үндэслэж гаргасан бэ? ДЭМБ-аас яаж зөвлөсөн байдаг вэ?
Энэ асуултыг ЭМЯ-аас асуух хэрэгтэй. Шуурхай штаб бол УОК-ын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Шуурхай штаб ямар ч шийдвэр гаргадаггүй.
-Тусгаарлах байртай холбоотой хоол ундны чанар, ахуйн хүрээний ариун цэвэр гэгчлэн шүүмлэл байсан хэвээр л байна. Сайжруулалт яаж хийгдэж байна? Үүнд хэн анхаарч, асуудлыг сайжруулах үүрэгтэй вэ?
Энэ асуудлыг Шуурхай штаб хариуцах үүрэгтэй. Гарч байгаа шүүмжлэлүүдтэй уялдуулан бид олон хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Би иймэрхүү асуултад хариулахаар хувь хүнийхээ хувьд олон янзын “нэр зүүх” юм. Гэхдээ би хэлэх үүрэгтэй.
Шуурхай штаб иргэдийнхээ санал гомдлыг шийдвэрлэх гэж хичээж ажиллаж байна. Хамтарч ажиллаж байгаа тусгаарлах байруудаа Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулсан, заавар зөвлөгөө өгүүлж байна.
Хоолтой холбоотой гомдол гараад байсан учир арга ядахдаа “Хоол амталгааны хэсэг” байгуулсан. Ингэснээр хоолны чанар сайжирсан. Мөн эрүүл ахуй, халдвар хамгаалал гэгчлэн бүх талаас л ажиллаж байна.
Шуурхай штабын ажлыг гадна талаас нь харахад онгоцоор ирж байгаа хүмүүсийг хүлээж аваад, автобусаар нэг байранд хүргэж өгөөд хаячихдаг л үүрэг гүйцэтгэдэг мэт харагдаж байж мэднэ. Тэгвэл үгүй.
Зөөвөрлөгдөөд орж ирж байгаа өвчтөнийг ХӨСҮТ эмчилж байгаа. “ХӨСҮТ-ийн байшингийн гаднах” бүх асуудлыг Шуурхай штаб хариуцдаг.
…татан авалт, өргөдөл гомдол, иргэний бүртгэл, өр барагдуулалт, хил дээрх ачаа тээвэр, нүүрс, бараа материалын тээвэр, аюулгүй байдал гээд бүх асуудал бидний нуруун дээр байна. Бид амьдрал дотор хутгалдаж байгаа. Энэ хугацаанд бид маш их зүйлд суралцаж байна.
Шуурхай штаб үндсэн том бүтэц нь дотроо салбарлаад ажиллаж байна. Жишээ нь, цогцос ирсэн. 160 кг орчим жинтэй, 190 см-ээс дээш урттай цогцос ирэхэд хадгалах уут олдохгүй, бид шөнийн 03 цагт сандраад, ярилцаж хэлэлцээд, асуудлыг шийдэж л байсан.
Гадаадаас ирж байгаа иргэдийн 30 хувийнх нь бүртгэл будлиантай байдаг. Овог нэр нь зөрчихсөн, хаяг байршил нь буруу гэгчлэн… үүн дээр Бүртгэлийн байгууллагын ажилтнууд маань нарийвчлан шалгаад нэг горимд нь оруулж байна.
Бас нэг жишээ, Шуурхай штабт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг алба хаагч ирж ажилласан. Тэр 100 гаруй сая төгрөгийн өр барагдуулсан. Байрны төлбөртэй холбоотой өр барагдуулахаар гэрийн хаягаар нь мэдэгдэл өгөх гээд бүх чиглэлд ажилласан. БНХАУ-ын Эрээн хотоос ирсэн залуус байрны төлбөрөө төлж чадахгүй болоход нь бид тусгаарлалтын хугацаа дууссаных нь дараа вагоноос ачаа буулгуулаад, өрийг нь барагдуулсан гээд л бид хаа сайгүй л ажилладаг.
Шуурхай штабын дарга гэдэг ажлын албыг нь л удирдаж байгаа хүн шүү дээ. Тиймээс бидэнд учирч байгаа бэрхшээлийг би ярих үүрэгтэй. Би шийдвэр гаргах хүн биш. Би үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Гэхдээ хүндрэл бэрхшээлийг танилцуулах ёстой. Бэрхшээлийг ярина гэдэг хэн нэгнийг буруутгаад байгаа юм биш. Харин энэ зүйлийг бүү дахин давтаасай гэсэндээ хэлээд байгаа юм.
-Иргэдийг тусгаарлахаас гадна тэдний тэжээвэр амьтдыг тусгаарладаг талаар би сонссон. Зохион байгуулалт нь ямар байдаг вэ?
Тухайлбал, ОХУ-ын Алтанбулагийн хилээр иргэдийг оруулж ажиллах үеэр хоёр хүн дөрвөн нохойтойгоо ирсэн. Муураа ч тэврээд ирж байна. Сэлэнгийн мал эмнэлгийн газрыг дуудаад, ноход, муурыг тусгаарлахаар өгч явуулсан. Эзнийх нь тусгаарлалтын хугацаа дуусах хүртэл амьтдыг нь ч тусгаарлах байранд байлгаж, хэрэглэдэг хоол ундыг нь эзнээс нь асуух зэргээр зохицуулалт хийх шаардлага гарч л байсан.
Коронавирус амьтны үсээр дамждаг гэдэг мэдээлэл байгаа учир бид болгоомжтой хандах ёстой шүү дээ. Ингэхдээ бас нохой, мууранд нь буруу юм идүүлээд, үхүүлчих вий гэгчлэн хариуцсан алба хаагчдад захиж, захиж л үлдээдэг.
Бас нэг асуудал байгаа нь тусгаарлах байранд сэтгэлзүйч ажиллуулах шаардлага гарч байна. Сэтгэцийн өөрчлөлттэй иргэд ирж байна. Тухайлбал тэднийг тусгаарлах байрны аль хэсэгт байлгах нь зөв бэ, цонхыг нь яах ёстой вэ гэгчлэн…
Мөн эх орондоо ирж байгаа болон тусгаарлах байранд 21 хоног уйтгарлаж байгаа иргэдээ бид сэтгэлзүйгээр дэмжих хэрэгтэй юм байна. Ядаж л, “онгоцноос буусан иргэд автобусанд орж ирэхэд суудал бүр дээр нь 0.33 гр-ын ч гэсэн цэвэр ус, ганц ширхэг жигнэмэг байлгавал тун зүгээр байна, Боломжийн томоохон ААН-үүддээ санал тавиад шийдээч” гэдэг саналыг би Хангалтын багийнхандаа санал болгож л байна.
Өнөөдөр бид нэгэндээ гомдож, шүүмжилж, магадгүй нийгмийн сүлжээгээр доромжилж ярьж байна. Коронавирус нэг л өдөр дуусна. Тэр үед бид инээлдээд уулзалдах, нэгнээ зөвөөр ойлгох өдөр ирнэ шүү дээ. Яахав, гадаадад гацсан иргэдийн зарим нь намайг сошиалаар “гөвөөд” л байгаа юм. Би харин тэдний л төлөө ажиллаад байгаа юм.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Эх сурвалж: tsahiur.mn