Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал:  11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с, 13, 14-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Үенч сумын Буянт багийн 11 дүгээр гудамжинд иргэн Б-ийн “Киа Рио” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:14 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн зүүн талд иргэн Б-ийн “Аксент Верна” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:40 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Талын толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Х-ын “Аксент” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ онхолдсон тухай дуудлагыг 09.09-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 09:54 цагт очиход А/3 настай, эмэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, иргэн Ж /28 настай, эмэгтэй/, Х/24 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нарыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О/25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.09-ний өдрийн 09:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 30 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Цахир тэх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Тус сумын харьяат малчин А /31 настай, эрэгтэй/ 09.07-ны өдрийн 10:00 цагийн орчим адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.09-ний өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 09.07, 08-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.09-ний өдрийн 16:05 цагт гэрээс зүүн хойд зүгт 50 км-т “Завхан” голоос мотоциклийг нь олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 18:15 цагт очиж, “Цахир тэх” гэдэг газраас “Завхан” голын урсгал дагуу 1 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:41 цагт түр зогсоосон. 09.10-ны өдрийн 07:15 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т/11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.09-ний өдрийн 09:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 30 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон.

5.Мэдээлэл:

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн Жимийн 1 дүгээр гудамжинд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн мэдээллийг 06:22 цагт хүлээн авсан.   Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Зэвсэгт хүчний 104 дүгээр анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн Э-ийн “Буян-Итгэлт” хүнсний дэлгүүр, байшин шатаж байсныг 09:00 цаг ажиллаж унтраасан.   

  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хайлаастай багийн Дов хорооллын 2 дугаар гудамжинд иргэн О-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн мэдээллийг 17:36 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 17:34 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сүхболд аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top