1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 14-15-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 16-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 32 дугаар гудамжны Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:36 цагт очиж, эзэнгүй 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан хотхоны урд талд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 16:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:33 цагт очиж, эзэнгүй 5х4 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Хараан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 396 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т/ иргэн Д-ийн хашаанд 200 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 7алба хаагчид 7 км замыг туулан 16:45 цагт очиж, 40 минут унтрааж ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо,Тэнгэрийн-Энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт /20:51 цагт/ хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.12-ны өдөр цаг агаараас шалтгаалан эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Иргэн Ө /33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 09.10-ны өдрөөс эхлэн тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн “Алаг толгой” гэдэг газраас баруун урд зүгт “Хавцалын-Ам” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, “Алаг толгой” гэдэг газраас “Согогын гол” гэдэг газар хүртэл 6 км-т завьтай урсаж, 2 метрийн гүнд 2 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэринхэнтэй зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрийн 20:40 цагт зогсоосон.
Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн ‘’Өргөний-Ар’’ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 8 км-т/ Тус сумын харьяат малчин Х /84 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 09.11-ний өдрийн 21:05 цагийн орчим малдаа явна гэж гэрээсээ морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 23:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн 09.12-ны өдрийн 00:37 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн мөн өдрийн 09:07 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т “Зуслангийн-Ам” гэдэг газраас иргэн Х-г эсэн мэнд олж хүү Д-д хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт /21:38 цагт/ хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.12-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн иргэн С/64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн “Өндөр эрэг” гэдэг газраас “Мөндөлтэй тохой” “Орхон Сэлэнгийн бэлчир”, “Дөрөв дүгээр танпар”, “Арван хоёрын салаа”, “Тавтын пост” хүртэл усаар 45км-т урсаж, “Орхон” голын эргийн дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул мөн өдрийн 18:50 цагт түр зогсоосон. 09.13-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн Бөхөн-Уул гэдэг газарт бохир усны нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиж, тус аймгийн Дэлүүн сумын харьяат иргэн З/66 настай, эрэгтэй/-ыг 3 метр гүнтэй бохир усны нүхнээс эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР