С.Эрдэнэ: Өөртөө томоохон зорилт тавиад түүндээ хүрэхийг хичээж, тууштай байх ёстой

116491706_621070695276928_8131836631488590701_n.jpg

“Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн зочноор Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Сарантуяагийн Эрдэнээг урилаа. Тэрээр шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхлүүлж, өдгөө 25 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм.

-Төрийн соёмбоо тэргүүндээ залсан тэр үеийн дурсамжаар нь яриагаа эхлүүлье?

 Цаг хугацаа их хурдан юм. Учраа олохгүй шинэхэн цэрэг тангарагаа өргөөд 25 жил болсон байна. Бага байхад манай урд талын талбайд шүхэрчид бэлтгэлээ хийж, шүхрээр бууж байхыг хараад л ах нар шиг л хүн болно доо гэж мөрөөдөж эхэлсэн. Тэгээд наймдугаар ангиа төгсөөд нагац ахындаа мал маллаж байтал аав маань Байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин шалгаруулж авна гэнэ шалгуулаад үз гээд ирж авч байлаа. Мөрөөдөл болохоор аавынхаа саналыг шууд л зөвшөөрсөн. Ажилд орохоор бүртгүүлсэн 16 залуутай биеийн тамирын таван төрлийн нормативаар шалгалт өгч, дөрвөн залуу тэнцэж байсны нэг нь би. Дадлагажих ажилтнаар гурван сар ажиллаад 1995 оны 08 сарын 01-ний өдрөөс сонсогчоор тушаал гарч байлаа. Анхныхаа 8100 төгрөгийн цалингаа авчхаад аав, ээждээ өгөх гэтэл өөртөө зарцуул гээд буцааж өгсөн дурсамж санагдаж байна. Миний хувьд  1995-1998 онд шүхэрчин гал сөнөөгч, 1998-2000 онд Уснаас аврах бүлгийн дарга, 2000-2001 онд Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 20 дугаар ангид шүхэрчин гал сөнөөгч, 2001-2004 онд Шүхрийн зааварлагчаар ажиллаж байгаад 2004-2007 онд Цагдаагийн Академийн Галын тэнхимийг “Гал түймэртэй тэмцэх байгууллагын ажилтан” мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгээд 2007- 2012 он хүртэл Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 50 дугаар ангид салааны захирагчаар ажиллах хугацаандаа “Маргад” дээд сургуулийг байгаль хамгаалал, экологи, гамшгийн менежмент мэргэжлээр тус тус төгссөн. 2012 оны 04 дүгээр сараас Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 56 дугаар ангийн салааны захирагчаар томилогдсон. Гамшгаас хамгаалах байцаагчаар 2013 онд томилогдоод түүнээс хойш өнөөдрийг хүртэл Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

-Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ажилласан томоохон дуудлагуудынхаа талаар сонирхуулаач гэвэл?

   Шүхэрчин аврагч байхдаа нийт 110 удаагийн шүхрийн буултыг  хийж, аймаг, орон нутагт гарсан гамшиг, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байлаа.  Харин ГТУА 56 дугаар ангид салааны захирагчаар ажиллах хугацаандаа Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад 2012-2015 онд гарсан ой, хээрийн дөрвөн удаагийн түймэрт ажиллах бүлгийг ахлан, 56 хоног ажилласан. Харин объектын гал түймрийн 124 удаагийн дуудлагаар ажиллаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 570 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгаалсан байдаг.

-Таны хувьд өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцаж бас албан тушаалын хувьд дэвшин томилогдсон байна шүү дээ. Үүний гол зарчим нь юу байсан бол?

  Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, тэвчээртэй тууштай тэмцэгч байх нь л чухал юм байна гэдгийг ойлгосон. Амьдралд ч ялгаагүй тийм л байх хэрэгтэй. Шантрах үе зөндөө гарна. Гэхдээ даваад гараад ирэх тэр мэдрэмж хамгийн сайхан байдаг шүү дээ. Тэвчээртэй сайн байж чадсан шүү гэж өөрөө өөрийгөө зоригжуулдаг.

-Албандаа олон жил ажилласан хүний хувьд өөрчлөлт шинэчлэлтийг маш сайн мэдэрдэг байх даа?

Тэгэлгүй яахав. Хуучнаар Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газар гэсэн гурван байгууллагыг нийлүүлэн Онцгой байдлын алба гэх том албыг бий болгосныг манай албанд ажиллаж байгаа хүн бүр л мэдэх байх. Харин энэ том албыг бий болгохын тулд маш их ажлуудыг хийж, туршиж, олон үе шатуудыг давж ажилллаж байсныг би санадаг. Хамгийн наад зах нь гэхэд дүрэмт хувцас, цолны өөрчлөлт шинэчлэлтийг хэд хэдэн удаа хийсэн байх жишээтэй. Цаашлаад эрх зүйн болоод техник, зэвсэглэмжийн шинэчлэл, бүтэц орон тоо, албан тушаалын шинэчлэлүүд маш их хийгдсэн. Хамгийн гол нь тус албыг өнөөдрийн энэ өндөрлөгт хүргэж, Монгол Улсад төдийгүй олон улсын түвшинд гаргаж чадсан үе үеийн удирдлагууддаа баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.

-Ингэхэд айлын хэддэх хүүхэд вэ?

 Эхээс зургуулаа айлын ууган хүү. Дөрвөн охин, нэг эрэгтэй дүүтэй. Булган аймгийн Булган суманд төрж өссөн. Бага байхдаа хонь хариулаад хөл нүцгэн гүйдэг хүүхэд байлаа.Түлээ хөрөөдөх, ус авах чинь хүүхдийн хийдэг ажил байлаа шүү дээ бага нас маань нэг иймэрхүү л өнгөрсөн дөө.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулбал?

Ам бүл тавуулаа. Хоёр хүү, нэг охинтой. Эхнэрийг маань Б.Өнөртуул гэдэг. “Жүр үр” ХХК-д ажилладаг. Том хүү маань АШУИС-ийг “Хөдөлгөөн засалч” мэргэжлээр суралцаж төгсөөд Улаанбаатар хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дунд охин МУБИС-ийн дөрвдүгээр курсийн оюутан. Бага хүү энэ жил хоёрдугаар ангид орно. Би аав шиг цэргийн хүн болно гээд л байгаа. Чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ, хүүхэдтэйгээ хамт өнгөрөөхийг хичээдэг. Хаяа нэг салхинд гарч, загас барих дуртай.

-Хүний суурь хүмүүжил аливаад хандах хандлагад нөлөөлдөг байх. Та юу гэж боддог вэ?

Хүний суурь хүмүүжил маш чухал юм шиг санагддаг. Хүүхэд байхад нь ажилч, хөдөлмөрч, аливаад зөв ханддаг болгож хүмүүжүүлбэл тэр нь идэр залуу насанд ч, өтөл насанд ч хадгалагдаж байдаг юм  шиг байгаа юм. Суурь хүмүүжилд эцэг, эх нөлөөлдөг бол идэр залуу насанд ажлын хамт олноос маш олон зүйл шалтгаалдаг юм билээ.

-Таны сонирхол?

Уран зохиолын ном унших их дуртай. Мөн Эрдэнийн сан субашид зэрэг сургааль үгтэй ном уншиж утгыг нь тайлж ойлгох хоббитой. Гадаад улс орнуудын хүний гараар бүтээсэн гайхамшгуудыг дэргэдээс нь харах, үзэхийг хүсэж мөрөөддөг.

-Шинэ залуу боловсон хүчнээ сургана гэдэг бол залгамж халаагаа бэлдэж байгаа том сургууль. Энэ тал дээр хэр багшилж байна?

Залуу боловсон хүчнүүдээ сургаж бэлтгэж, зааж, зааварлаж л байна. Онцгой байдлын сургуульд сурч байгаа оюутнууд дадлага сургалтаа ирж хийдэг. Өөрийн мэддэг, чаддаг гэсэн бүх л зүйлээ зааж сургаад явуулдаг. Тэр залуучууд маань төгсөөд ажлын байрандаа гарахдаа утсаар холбогдож заавар зөвлөгөө авч, хамтран ажиллаж байгааг харахад сайхан байдаг. Зарим залуучуудыг сурч боловсроод ажил албан тушаалаа ахиулах талаар хүртэл чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг. Өөртөө томоохон зорилт тавиад түүндээ хүрэхийг хичээж, тууштай байх ёстой. Тэгж байж тэр хүн амьдралын сайхныг, ажлын амтыг мэдэрнэ гэж боддог.

-Юу гэж хэлмээр зөвлөмөөр санагддаг вэ?

Хүний үг сонсож, хүнтэй илэн далангүй нээлттэй ярилцаж асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Ажлыг сэтгэлээсээ чанартай сайн хийхийг хичээж, хүлээцтэй, тууштай тэмцэгч байгаарай л гэж  хэлмээр санагддаг.

-Баярлалаа танд. Зорьсон бүхэн биелэлээ олох болтугай?

Баярлалаа. Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт алба хаагчдадаа ажил, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top