Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,72 хотхонд “Авзага Трейд” ХХК-ийн хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан.Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:46 цагт очиж “Авзага Трейд” ХХК-ийн хашаанд 4×10 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э/57 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 14:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:35 цагт очиж иргэн М-ын 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 17-1 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 23:42 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 39 км замыг туулан 00:20 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /28 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Тесо” ХХК-ийн замын урд талд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 05:02 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 05:06 цагт очиж иргэн Б “Тоёота Сиа” загварын автомашин бүрэн, иргэн У-ын “Тоёота Ланд-200” загварын автомашины гадна тал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 09.16-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж Тариахтай багийн “Аньст толгой” гэдэг газраас “Тариахтайн даваа” гэдэг газар хүртэл явганаар 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 09.18-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлнэ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Оросын Холбооны Улс”-ын хил хүртэл усаар 270 км-т явж, “Арван хоёр салааны-Эх” гэдэг газар хүртэл 35 км-т явж, 5-8 метрийн гүнд 5 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:35 цагт түр зогсоосон. 09.18-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд “Хэрлэн” голд хүн живсэн тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 09.17-ны өдрийн 14:55 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 16:03 цагт осолдсон газраас зүүн тийш 2 км-т “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн урд талд “Хэрлэн” голоос иргэн М/36 настай, эрэгтэй/-гийн цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Мэдээлэл:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хулгар” 3 дугаар багийн “Дөрвөн зам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 75 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/ Иргэн А-ын “Тоёота румион” загварын суудлын автомашин 09.17-ны өдрийн 21:10 цагийн орчимд шатсан тухай мэдээлийг 21:16 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны улсын байцаагч С.Ганбулганаар ахлуулсан иргэд 21:40 цагт гарч 25 км замыг туулан 22:40 цагт очиход автомашин бүрэн шатсан байсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top