1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод аймгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-ны өдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 20-ны өдөр зарим газраар, 21-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 26 дугаар гудамжны иргэн Х-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.8 км замыг туулан 15:30 цагт очиж, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян баг дахь “Түмэн бут” ХХК Саравч шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:52 цагт очиж, 4х16 метрийн хэмжээтэй модон саравч шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уул багийн 1 дүгээр гудамжны иргэн Г-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:04 цагт очиж, 6 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялгант тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 09.18-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж Тариахтай багийн “Аньст толгой” гэдэг газар 6 км-ын радиуст, “Аньст толгой” гэдэг газраас “Харлагийн зүүн салаа” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:50 цагт түр зогсоосон. 09.19-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид хүч нэмэгдүүлэн очиж ажиллана.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Мод үржүүлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ “Хараа” голын эрэг дээр 6 иргэн зугаалж явснаас тус сумын 14 дүгээр багийн харьяат иргэн О/70 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ сураггүй болсон тухай мэдээллийг 09.18-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар Тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид 09.18-ны өдрийн 08:30 цагаас “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Оросын Холбооны Улс”-ын хил хүртэл “Орхон” голын усаар нийт 270 км-т завиар урсаж, 5-8 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 19:10 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. Үндэсний аврах бригадын бүлэг 09.19-ний өдрийн 06:00 цагт Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд “Туул” голын салаан дотор хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 21 км замыг туулан 13:59 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Алтанхуягаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг тогтоохоор ажиллаж байна./
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 13 дугаар байрны 1 дүгээр орц Цахилгаан шатны хөндийд хүн унасан байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 09.18-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 6 км замыг туулан 17:06 цагт очиж, тус байрны оршин суугч М /35 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Даваасамбууд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР