Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 24-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 22, 23-нд зүүн аймгуудын нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Амудар” зоогийн газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:06 цагт очиж “Амудар” зоогийн газрын гал тогооны өрөөнд утаа сорогч төхөөрөмж шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн “Тэмүүлэл” хороололд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:47 цагт очиж иргэн А-ийн “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн “Энхтайван” 4 дүгээр гудамжинд иргэн С-ын тагтан дээр эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 09.20-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:32 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 232 км-т, Ө-46027’00”, У-11506’36”/09.20-ны өдрийн 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 16:37 цагт ООГХ-ээс хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Б.Ариунтуяагаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 400 км-т, Ө-4502’24”, У-92037’42”/09.20-ны өдрийн 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 18:42 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Д.Баатарсүрэнгээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт /хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 09.20-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Тариахтай багийн “Аньст толгой” гэдэг газраас “Баянгол” гэдэг газар хүртэл 10 км явганаар, 2 дугаар бүлэг “Аньст толгой” гэдэг газраас “Хавчирганга” гэдэг газар хүртэл 23 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.21-ний өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Мод үржүүлэг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/“Хараа” голын эрэг дээр 6 иргэн зугаалж явснаас тус сумын 14 дүгээр багийн харьяат иргэн О /70 настай, эмэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ сураггүй болсон тухай мэдээллийг 09.18-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 09.20-ны өдрийн 08:10 цагаас эхлэн “Хараа” голын эрэг дагуу 20 км-т, усанд 44 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:20 цагт түр зогсоосон. 09.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Гурвын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/Тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /53 настай, эмэгтэй/ 09.19-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 02:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 09.20-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 08:40 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 4 км-т тус сумын “Гурвын даваа” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Цагаан оломны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд 55 км/ “Орхон” голын усанд автомашин суусан тухай дуудлагыг 09.20-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт суман дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 55 км замыг туулан 07:53 цагт очиж иргэн Б /48 настай, эмэгтэй/-гийн “Tоёота королла” загварын суудлын автомашин “Орхон” голын усанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

5.Мэдээлэл:

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Чулуун гишгэр багийн /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км/ “Цагаан зэл”-ийн 7 дугаар гудамжны иргэн Б-ийн 4 ханатай гэр, 4х30 метрийн хэмжээтэй гарааш, 30х20 метрийн хэмжээтэй 2 байшин 09.20-ны өдрийн 12:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг Алтанширээ сумын ЗДТГ-ын дарга Т.Ганмөнх 09.20-ны өдрийн 14:50 цагт мэдээлсэн. Тус сумын ЗДТГ-ын дарга Т.Ганмөнхөөр ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд 1.5 км замыг туулан 12:02 очиж 2 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт өртөж гэмтсэн хүн байхгүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top