Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

  Өнгөрсөн хоногт:  Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн баруун хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүснэ.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны “Сөүл”-ийн гудамжинд Ю-Микс ХХК-ийн байрын агааржуулалтын хуванцар хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 05:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 05:31 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Түлээт”-ийн 2 дугаар гудамжны иргэн М-ийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 13:15  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 13:25 цагт очиж 10  минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн  “Тэмүүлэл” хорооллолд иргэн М-ын 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:58 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн “Загастайн гол” гэдэг газар /Идэр сумын төвөөс хойд зүгт 12 км-т, Тосонцэнгэл сумын төвөөс баруун зүгт 110 км-т/ Увс аймгаас Завхан аймгийн Улиастай сумын чиглэлд 20 тн өвс ачин зорчиж явсан иргэн Т-ын эзэмшлийн  “Фотон” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 110 км зам туулан 20:41 цагт очиж, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагч, Засаг даргын тамгын газрын ажилтнууд 3 цаг ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав  багийн “Тулга”-ын 45 айлын 5 давхар орон сууцны зоорийн давхарт Хураалттай байсан эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 23:55 цагт очиж 38 минут ажиллаж унтраасан.

3.Үйлдвэрлэлийн осол:

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/“Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 09.21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М/30 настай, эрэгтэй/  20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгсөн. Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 09.21-ний өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн. Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байгаа тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 09.22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очиж аврах ажиллагааг зохион байгуулж 17:30 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Шүрэнгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, Ө-50°5’24, У-104°25’48/  09.23-ны өдрийн 06:04 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 09.22-ны өдөр Тариахтайн даваанд 5 км тойрогт эрэн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.

6.Мэдээлэл:

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Нарийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 32 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/Иргэн П-ын 8 ханатай гэр 09.22-ны өдрийн 15:50 цагт шатсан.Мэдээллийг тус сумын Засаг дарга мөн өдрийн 16:17 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн “Тээ хишиг” гэдэг газар  / аймгийн төвөөс хойд зүгт 423 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/Тус сумын харьяат малчин Б-ийн өвөлжөө, 2 тн өвс 09.22-ны өдрийн 15:10 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга мөн өдрийн 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант багийн “Рашаант” хорооллын 7 дугаар гудамжинд иргэн Н-ийн хашаанд 2 тн өвс 09.23-ны өдрийн 02:00 цагт шатсан. Мэдээллийг Цагдаагийн газрын жижүүр мөн өдрийн 03:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top